Сайн дурын ажил бол хэн нэгний дутууг нь дүүргэж тэдэнд баяр баясал өгдөг гэх үзэл бодолтой Б.Цагаан -Эрдэнийг бид энэ удаагийн ярилцлагынхаа зочноороо урьсан юм. Түүний хувьд "Global citizen" хөтөлбөрт хамрагдаж дэлхийн 11 орноор сайн дурын ажил хийсэн юм.
-Анх хэрхэн яаж сайн дурын ажилтан болж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Фэйсбүүкээр мэдээллийг нь авч байсан. Тэгээд сурагчийнхаа дүрэмт хувцастайгаа очоод анкет бөглөсөн. Миний хувьд сайн дурын үйл ажиллагааг дунд сургуулийн арваннэгдүгээр ангиасаа хийж эхэлсэн. Дараагаар нь "Борам" тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан. Төгсөж "GC" хөтөлбөрт хамрагдаад одоо ажилтан гэдгээр явж байна.
Сайн дурын ажил хийж байх хугацаандаа нэг зүйлийг л хамгийн сайн сурсан. Энэ хуваалцах соёлыг хүн бүрт заавал байх ёстой зан чанаруудын нэг гэж боддог. Тийм ч учраас уншсан нэг номынхоо тухай оюутнуудтайгаа хуваалцмаар санагдсан үед бяцхан эвент эсвэл өдөрлөг зохиогоод гол хэрэгтэй гэсэн зүйлийг нь хэлж өгдөг. Өөрийнхөө чаддаг зүйлсээ оюутнууддаа зааж өгөхийг хүсдэг.
-Яагаад сайн дурын ажил хийх болсон юм бол?
-Сайн дурын ажил хийснээр дэлхийн хаа нэгтээ аав ээждээ үл хайхрагдсан хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл өгөх, тэдгээр хүүхдүүдийг хөгжихөд нь тусладаг. Хэн нэгний ертөнцийг хамт бүтээлцэнэ гэсэн үг. Манай "Adrf Mongolia " байгууллагын хувьд Чингэлтэй, Дарь эх гэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай. Үүнээс гадна Увс, Эрдэнэт гэсэн аймгуудад бас салбартай байгаа. Нийтдээ тогтмол үйл ажиллагаанд оролцож байдаг 200 гаруй оюутан байдаг. Бидний хувьд маш олон төрлийн өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. Дулаан өвөлжих аян, Дүдү төсөл хөтөлбөр, Боловсрол бол ирээдүй гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж шинэ жил, цагаан сарын сайн дурын ажилтнууд хүүхдүүддээ зориулж тэмдэглэж өгдөг.
-Сайн дурын оюутнуудын хамгийн их сонирхож байгаа "Global Share","Global Citizen" хөтөлбөрийн тухай яривал?
-Энэ хөтөлбөр нь нэг улсад очоод нэг сарын хугацаанд сайн дурын ажил хийдэг. Тухайн улсынхаа оюутнуудтай хамт сайн дурын ажил хийнэ. Орон орны хүүхдүүдэд хичээл заана. "Global Citizen" хөтөлбөрийн тухайд үүргэвчтэй аялал хийдгээрээ бусад хөтөлбөрөөсөө онцлог давуу талтай. Тэдгээр сайн дурын оюутнууд маань зүүн өмнөд азийн орнуудаар голчлон ажилладаг. Өөр хоорондоо ихэвчлэн ойрхон зайтай байдаг учраас автобус, машин, нислэг хийж очих газартаа хүрдэг. Хоёроос гурван оронд сайн дурын ажил хийнэ. Бидний хувьд сайн дурын ажил хийх материалаа Монголоосоо авч явдаг. Очоод хүүхдүүдэд үлдэцтэй юм хийхийг хичээдэг. Биднийг очихоор тухайн орны сайн дурын хүүхдүүд маань ингээд аялах боломжтой юм байна гэдэг зүйлийг олж хардаг. Манай Монгол хүүхдүүдэд ч гэсэн Солонгосоос сайн дурын ажилтнууд ирэхэд олон харах өнцөг нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэр хүүхдүүдийн үзэж харах боломжийг бий болгож байгаа юм. Манай сургалтын төвөөс хамгийн сайн шилдэг гэсэн хүүхдүүдийг шалгаруулаад солонгос руу аялах эрх өгдөг.
Багш нартайгаа аялаад яваад ирсэн хүүхдүүд эрс өөрчлөгддөг. Юм үзээд ирсэн хүүхдүүд өөр байдаг. Манайд гурав дөрвөн настайгаасаа хөтөлбөрт хамрагдаад одоо сайн дурын оюутан болсон хүүхдүүд зөндөө байдаг.
-Сайн дурын ажилтны харах өнцөг өөр байдаг уу?
-Ямар нэгэн зүйлд стандарт гэж байдаг. Түүнтэй адил сайн дурын ажилтан бас өөрийн гэсэн стандарт, мэдрэмж, мэдлэгтэй байх хэрэгтэй. Биеэ зөв авч явахаас эхлээд. Хэцүү амьдралтай хүүхдийн амьдралыг хүн болгонд хэлээд яваад байж болохгүй. Энэ үйлдэл маань өөрөө ёс суртахуунгүй маш бүдүүлэг хэрэг болно. Нүд халтирам сэтгэл өвтгөм зүйлстэй ч нүүр таарч байлаа. Зарим хүүхдүүд маань өвлийн хүйтэнд хөл нүцгэн явж байдаг. Тэр үед гялс нөхцөл байдлыг өөрийнхөө хэмжээнд өөрчилж сурах хэрэгтэй.
-Сайн дурын ажил хийх ямар ач холбогдолтой талаар зөвлөвөл?
-Зарим хүүхдүүдийн хувьд гадаад руу сургуульд суралцах өргөдөл өгөхөд хэрэг болдог гэсэн зорилгоор их ирдэг. Гэхдээ ийм зорилготой хүүхдүүд замын дундаасаа буцах нь их байдаг. Энэ ажлыг сэтгэлээрээ хийдэг болохоос биш хэлбэртэж хийх боломжгүй. Хэлбэртэх гэж ирдэг хүмүүс бас байна.
-Танай байгууллага бусад сайн дурын ажил хийдэг газруудыг бодоход ямар ялгаатай юм бол?
-Манайх чинь бас тэтгэлэг хөтөлбөртэй. "Борам" гээд. Энэ хөтөлбөр маань сайн дурын ажил хийхийнхээ хажуугаар тэтгэлэг олгодог гэсэн үг. "Борам"-ын оюутнууд гэхээр энгийн сайн дурын оюутнуудаасаа арай илүү үүрэг хариуцлага хүлээсэн оюутнууд юм. "Борам" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад илүү их шаардлага, стандарт тавьдаг гэх үү дээ. Сайн дурын оюутан гэх стандартыг барьсан оюутан бэлтгэгдэж байна. Энгийн сайн дурын ажилтнууд дундаас алга болчихдог. Харин "Борам"-ын оюутнууд аливаа зүйлд хариуцлагатай байхыг шаарддаг. Зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудыг гардаж хийдэг. Тэгэхээр бид нар ажлын байран дээр гараад ямар нэгэн юм зохион байгуулдаг. "Борам" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаараа олон талын чадвартай болж бэлтгэгддэг. Үйл ажиллагаа зохион байгуулах, багаараа ажиллаж сурах, хаана зохион байгуулах вэ гэх мэт зүйлсэд өөрөө гар бие оролцдог. Буцаад тэр бүхэн туршлага болж үлддэг.
-Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага бий юу?
-Сайн дурын оюутан, ажилтан больё гээд ирж байгаа сэтгэл чинь хамгийн чухал. Гэхдээ энэ бол зүгээр л суурь. Тэр суури дээр өөрийнх нь үйл ажиллагаануудад оролцох чинь хүсэл эрмэлзэл чухал. Хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байгаа гэдгээ мэдэрдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тухайн хүүхдийн хувийн амьдралыг хэн нэгэнд ярих чинь ёс суртахуунгүй зүйл. Сайн дурынхаа үйл ажиллагааны талаар ярихдаа ч гэсэн тодорхой хэмжээний оролдлоготой, мэдлэгтэй байж ярих хэрэгтэй.
-Сайн дурын ажил хийхээр ар гэртээ цаг гаргаж чаддаг уу. Цагийн хуваарилалт, менежментээ хэрхэн хийдэг вэ?
-Би арваннэгдүгээр ангиасаа эхэлж сайн дурын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Надад сайн дурын ажилд зориулах гаргах цаг гэж байхгүй. Угаасаа миний гаргах ёстой цаг юм шиг санагддаг. Тэр орчноос эхлээд хүрээлэл, хүмүүс гээд бүх зүйл нь таалагдсан. Тэнд байхдаа би өөрийгөө хөгжүүлдэг. Өдөр тутамдаа хийх ёстой зүйл, хичээлдээ явж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг.
-Гэр бүлийнх нь зүгээс чамайг хэр дэмждэг вэ?
-Манайх ам бүл олуулаа. Зарим нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь шашны байгууллага юм биш үү гээд жаахан дүргүйхэн байсан. Гэхдээ ганцхан надад ийм зүйл тохиолдсон биш. Бидний нийгэм өөрөө мэдлэггүй хэр нь дэмждэггүй масс давамгайлсан. Харин намайг GC хөтөлбөрт хамрагдаад яваад ирэхэд бүгдээрээ надаар бахархсан.
-Сайн дурын ажилтнуудад ямар бэрхшээл тулгардаг юм бол?
-Хамгийн наад зах нь санхүү мөнгөний асуудал тулгардаг. Хэдий бид гоё зүйл хийх сэтгэлтэй байгаад ч нэмэргүй үе гардаг.
Тодорхой хэмжээнд санхүүгийн зардлуудыг гаргана. Бүхэл бүтэн нэг том байгууллагын хувьд хичээл зааж байгаа оюутныхаа унаа, хоолны мөнгийг өгөх бид юу хиймээр байна тэр болгоныг байгаа чадлаараа дэмжээд явдаг. Магадгүй биднийг дэмждэг ивээн тэтгэгч байгууллагуудтай болчихвол цар хүрээгээ тэлж олон хүүхдэд туслах боломжтой.
-Сайн дурын ажил хийснээр ямар давуу талтай болох юм бэ?
-Суралцах зүйл ихтэй, гэр бүлийн орчинд найз нөхдийн орчноос сурах, олж авах боломжгүй зүйлүүдийг сайн дурын ажил хийснээр олж авах боломжтой. Үүнийг өөрөө нийгмийн хөгжлийн түлхүүр гэж ч тодорхойлдог. Тухайн хүүхэд сургуулийн орчноос гадна өөр нэг нийгмийн харилцаа хамт олонтой болсноороо маш хурдацтай өсөн дэвжиж өөрийгөө хөгжүүлдэг.
-Санаанаас чинь мартагддаггүй дурсамжтай зүйлээсээ хуваалцаж болох уу?
-Би сайн дурын ажил хийж байхдаа найз залуутайгаа танилцсан. Миний хамгийн нандин дурсамж. Бид хамтдаа сайн дурын үйл ажиллагаа хийдэг. Их сонирхолтой шүү.
Нэгдүгээр курсээсээ нэг сургалтын төвд туслах багш хийдэг байсан. Тэгээд хүүхдүүдтэй харилцаж үзээд ертөнц рүү нь ороход уйлмаар санагдаж байсан үе цөөнгүй. Өвлийн хүйтэнд оймсгүй дан пүүзтэй. Аав ээждээ үл хайхрагдчихсан хүүхдүүд зөндөө байдаг юм байна лээ. Харин манай сургалтын төвд орсноор өөртөө арчаатай болдог. Хорвоо ертөнцийг арай өөрөөр харж эхэлдэг. Манай байгууллагаас спорт өдөрлөг жил бүр зохион байгуулдаг. Тэр болгонд идэвхтэй оролцдог. Явсаар байгаад спортын сонирхолтой болчихсон. Зүгээр би дотроо энэ хүүхдүүдэд идэх хоолыг нь бэлдэж өгөхөөс илүү хоолоо олж идэх чадвартай болгочихвол хаана ч өөрийгөө аваад авчих байх гэж боддог.
-Сайн дурын ажилтныг тодорхойлж болох уу?
-Манай нийгэмд хөгжих хүсэл эрмэлзэлтэй ч гэр бүлийн бололцоо муутайгаас болоод орхигдсон хүүхдүүд зөндөө бий. Тэр хүүхдүүдийн дутууг сайн дурын ажилтан дүүргэж, нөхөж өгдөг. Ийм өнцгөөс би сайн дурын ажилтан бол хэн нэгний дутуу хоосон оройн зайг дүүргэх сайхан сэтгэлтэн гэж хардаг.
-Нийгмийн зүгээс дэмжлэг бага байдаг санагддаг шүү дээ?
-Саяхан үер болоод УБИС-ийн автобусны ойр орчмыг оюутнууд нийлээд сайн дураараа цэвэрлэж угааж байсан. Тэр оюутнуудад бээлий өгчихвөл. Нэг талаасаа хүмүүст тусалж байгаа ч гэсэн нөгөө талаараа тэр хүүхдүүдийн эрүүл мэнд яригдаж байна шүү дээ. Ер нь энэ мэт энгийн жишээ зөндөө байна. Явсаар байгаад маш том асуудал болж байгаа нь харамсалтай. Энэ болгоныг стандарттай болгоод дэмжээд өгвөл нөхцөл байдал хамаагүй их өөрчлөгдөнө. Энэ мэтчилэн улсын байгууллагуудаас ч гэсэн эдгээр хүүхдүүдийг дэмжээд өгөөсэй гэж хүсдэг.
-Элсэгчдээ яаж авдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Анкет бөглөх журмаар авдаг. Насны хязгаар байдаггүй. Сайн дурын ажилтанг цензурлэх боломжгүй. Гэхдээ дийлэнх нь оюутнууд байдаг.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ