208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

Засгийн газраас ахмад настнуудын тэтгэврийг нэмээд сар болж буй ч гомдол цөхрөл тасарсангүй ээ. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд ахмадуудын хөлд дараатай байх болсон нь тэтгэврийн нэмэгдлээ шалгуулж буйтай холбоотой юм. Хяслантай нь, шалгуулаад ч ахмадуудын дийлэнхийнх нь тэтгэвэр нэмэгдэхгүй. Шалтгаан нь бичиг баримт нь алга болсноос итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдээгүй тул зөвхөн 10 хувийн нэмэгдлээр тооцогдсон.

Тасралтгүй 30, 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч бага цалин авч байснаас шалтгаалж, тэтгэвэр нь итгэлцүүрээр 17 мянга, 16 мянган төгрөгөөр нэмэгдсэн тохиолдол хамгийн их хувийг эзэлж буй юм.

Жишээ татвал, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн сангийн аж ахуйд тасралтгүй 35 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан Улсын хошой аварга ногоочин Н.Цэнд-Аюушийн тэтгэвэр өнгөрсөн долдугаар сарын 1-нд 580 мянган төгрөг болж нэмэгдсэнд гомдолтой байна. Газар тариалангийн салбарт 1970-2005 он хүртэл тасралтгүй ажиллахдаа амралтын өдөр, баярын өдөр гэж байдаггүй, илүү цагаар ажилласан ч хөдөлмөрийн хөлс нь тооцогддоггүй, улсаас олгосон цалинг авч, хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллаж байсныг эргэн харж, тэтгэврийн нэмэгдэлд уян хатан хандахыг хүсч буй. Учир нь, Улсын хошой аварга Н.Цэнд-Аюушийн нэгэн адилаар тэтгэврээ тогтоолгосон ахмадууд газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв аймагт маш олон. Зөвхөн ногоочноор тогтохгүй агрономич, механикжуулагч, тракторын жолоочийн тэтгэвэр 580 мянган төгрөг байгаа нь шударга бус юм гэж тэд хэлж буй.

Боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуйн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч мөн л итгэлцүүрээр 15000-17000 төгрөгөөр тэтгэвэр нь бодогдсон буурлууд олон. Жишээ татвал, боловсролын салбарт 34.8 жил ажилласан ахмад настан Л.Энхчулууны тэтгэвэр итгэлцүүрээр 17 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 10 хувийн нэмэгдэл нь орж байж, одоо 570 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.  Хүүхдүүд нь сар бүр дэмжлэг үзүүлдэгийн хүчинд болгоод буй.  Түүнээс хоолны махаа авах уу, даралтныхаа эмийг авах уу гэдэг сонголттой нүүр тулна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 550 мянган төгрөгийн тэтгэврийг 208 мянган ахмад авч байна.

Харин 550 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийг 137.7 мянган ахмад настан авч буй тухай мэдээлсэн нь нийт тэтгэвэр авагчдын 70 гаруй хувь 550-580 мянга орчим төгрөгийн тэтгэврээр сарын турш амь зуухаар чардайж байна гэж барагцаалж болохоор буй.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр хамгааллын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалын тайлбараар бол 160 гаруй мянган хүний тэтгэвэр итгэлцүүрийн тооцооллоор хөдлөхгүй үлджээ. Учир нь, тэдний 85 мянга нь цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон бол 60 мянган иргэн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн тул итгэлцүүрээр нэмэгдээгүй. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн хүмүүсийн тухайд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй байх нь зөв. Яагаад гэвэл тэд Улсын хошой аварга Н.Цэнд-Аюуш, Л.Энхчулуун нарын нэгэн адил тасралтгүй улсад 35 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс биш. Ажиллаагүй хэрнээ ажилласанаар тооцуулж, Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон тул тэдний хувьд маргаад байх зүйл үгүй. Хамгийн гол нь төрийн шийдвэр тогтоолоор тасралтгүй 30, 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсний эцэст нөхөн төлсөн хүмүүстэй нэгэн адил шахуу, 10, 20 мянган төгрөгийн илүү тэтгэвэр авч буйдаа гутарч, гундаж, гомдож байна.

Төрд асуудлаа хэлэхээр “Бага  цалин авч байсан байна шүү дээ. Итгэлцүүрээр 15 мянгаар төгрөгөөр нэмэгдэхээс өөр яах юм” гэж шилбэ татаж буй.

Уг нь ухаалаг төр бол тэдний гомдлыг хүлээн авах ёстой юм. Яагаад гэвэл тэтгэврийг ажилласан жил, авч байсан цалинтай нь жишиж тогтоодог. Гэвч энэ ялгаа заагийг гаргаж өгөөгүй. Зөвхөн удирдах албан тушаал хашиж явсан хүмүүстээ л анхаарал хандуулснаар ёстой цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөсөн нь хохирч үлдсэн нь дээрх жишээнүүдээс харж буй.

Улсын хэмжээнд бүрэн тэтгэвэр болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг 480 мянган ахмад бий. Тэднээс хэдэн хувь нь 20-иос дээш жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвртээ тогтоолгосон бэ, тэдний хэдэн хувь нь бага цалин авч, олон жил Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна вэ гэдгийг тогтооход толгой өвтгөөд байх асуудалгүй. Гэвч дургүйд хүчгүй гэгчээр “Та Нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлж байхгүй яасан юм бэ” гэж зандрах, загнахын дундуур ахмадуудыгаа гомдоосоор…

Үнэндээ бол Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд бэрх үед төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь байтугай сар, сард нь олгож чадахгүй. Зарим жил хэдэн сараар нь цалингаа тавьж, чадахгүй чардайлгаж байсан. Өнөөдрийн тэтгэвэр авч буй ахмадуудын олонх нь тэрхүү зах зээлийн нийгэмд шилжих хүнд жилүүдийн ачаанаас үүрэлцсэн гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр өгч буй тэтгэврийнхээ хэмжээг эргээд нэг хараарай.

УИХ-ын нэг гишүүний үдийн цайндаа зарцуулдаг 550 мянган төгрөгөөр ахмадууд сар амь зуух гэж чардайж буй. Зарим ахмад настан "Нэг шөлний хонь худалдан авч, 50 кг шуудай гурил автал тэтгэврийн 550 мянган төгрөг нэг хоногийн дотор дууслаа. Үлдсэн өдрүүдийг яаж давна даа" гэж байна.

MN-25 дугаар суваг телевизийн “21 мянган төгрөг” реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид  долоо хоногийн турш 21 мянган төгрөгийг нэг өдрийн хоолонд хүргэхийн тулд хүнсний захаас цувдай худалдан авч, хүнсний ногоогоо граммаар авдаг шиг ахмадууд 550 -580 мянган төгрөгөө сарынхаа хүнсэнд хүргэхийн тулд түүнээс ч илүүтэйгээр чардайж зүтгэж буйг хүртэх ёстойгоо л хүртэж буй хэрэг гээд нүдэн балай чихэн дүлий хаях юм уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж