“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өчигдөр иргэн Э.Одбаярыг хууль бусаар баривчилж, шийтгэл ногдуулсан талаар хэлэлцсэн. Шүүхээс ямар шийдвэр гаргав?
-Намайг 2020 оны арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах Зон олны намын байранд архидан согтуурсан үндэслэлээр цагдаагийн байгууллага саатуулсан. Гэтэл тэрийгээ нотолж чаддаггүй. Би бүх шатанд гомдол гаргасан. Тэгтэл нэг жилийн дараа өөр хэргийн материалтай танилцаж байх явцад надад зөрчлийн шийтгэл оногдуулсныг мэдсэн. Намайг хохирогч, гэрч, холбогдогчоор оролцуулах ёстой байхад нууцаар шийтгэл оногдуулсан байсан. Намайг 2020 онд баривчлан саатуулахдаа эрүүлжүүлэгдсэн гэж үзэн шийтгэл оногдуулсан байсан. Араас нь 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамруулсан байсан. Өөрөөр хэлбэл, надад мэдэгдэхгүй шийтгэл оногдуулж, өршөөлд хамруулсан гэсэн үг. Энэ гомдлоо сэргээлгэх гэж гурван жил болж байна.
Тэгээд сая эрх бүхий албан тушаалтнаар гомдол гаргах эрх сэргээлгэдэг юм байна. Би энэ хүсэлтийг хагас жилийн турш Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтанд гаргахад нийтдээ таван удаа татгалзаж шийдвэрлэсэн.
Прокуророос гурван удаа гомдол гаргах эрхийг сэргээх нь зүйтэй гэж хоёр, гомдол гаргах эрхийг нь сэргээж өгөх шийдвэрийг нэг удаа гаргасан. Тэгээд сая Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хурал боллоо. Шүүхээс надад ийм шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзсэн. Би үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж дахин давж заалдана.
-Тухайн үед архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан гэсэн үг үү?
-Өнгөрсөн 2020 онд цагдаагийнхан намайг шөнө баривчилсан. Гэтэл тухайн үед Хууль зүйн сайд Х.Нямбаатар иргэн Э.Одбаярыг баривчилсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж өөрийн твиттер хаягаараа жиргэж байсан. Тэр жиргээ нь надад байгаа.
Намайг баривчилснаас хоёр хоногийн дараа цагдаагийн газраас Э.Одбаяр ажлын байран дээрээ архидан согтуурсан гэж орон даяар гүтгэсэн.
Тэгвэл архидан согтуурсан гэдэг нотолгоогоо гаргаж ир гэсэн. Үүнд үндэслээд надад нууцаар шийтгэл оногдуулсан байсан нь шударга бус. Шийтгэлийн хуудас надад огт хүргүүлээгүй. Би шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр бүх баримтаа аваад, гурван жилийн өмнө ярьсан зүйлээ хэлсэн. Тэгсэн хэдий ч баримтуудыг авч хэлэлцэхгүй, шийдвэр гаргачихлаа.
-Танд цахим гав зүүж, амьдарч буй дүүргээсээ гарах эрхийг хязгаарласан. Сүүлд Хан-Уул дүүрэг рүү шилжих хүсэлтийг албаныханд өгсөн юм уу?
-Би хүүхдүүд болон өндөр настай эмээгээ асран хамгаалах үүднээс Баянгол, Хан-Уул дүүрэг рүү зорчих эрхийг нээж өгөх хүсэлтийг тавьсан. Би одоо Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа. Энэ дүүрэг дээр нэмж, хоёр дүүрэгт зорчуулна уу гэсэн. Тэгсэн Хан-Уул дүүрэг рүү шилжүүлж өгье гэж шоглосон. Шүүхийн шийдвэрийн байгууллагаас ийм хүсэлт гаргахдаа мэдээллээ нарийвчилсан байдлаар баримт нотолгоотой гаргаж өгөх ёстой гэсэн. Би үүний дагуу чиглэлээ нарийвчлан өгсөн.
Гэтэл агуулгыг нь мушгиж, өөрийнх нь хүсэлтийн Хан-Уул дүүрэг рүү шилжих хүсэлтэй байгаа юм байна гээд намайг гүтгэсэн.
Хан-Уул дүүрэгт амьдрах газар байхгүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн прокурорт хянуулахдаа наадмын өмнө хүсэлтийг маань завааруулж хаячихаад, амраад явчихсан. Одоо 40 хоног тодорхойгүй нөхцөл байдал дунд байна. Сүхбаатар дүүрэг дотроо байж байхад зөвшөөрсөн бүсээс гарлаа гэдэг сануулга 50, 60 удаа ирсэн. Хэрэв хуулиараа хорих хүртэл нөхцөл бүрдэж байгаа. Гэтэл шүүхээс хүсэлтийн агуулгын хүрээнд бус дур зоргоороо тогтоол гаргачихсан. Үүний өмнө ШШГЕГ-аас "No war" хөдөлгөөний залуус хязгаарлалтын бүсээс 3-4 метр гарч, дохио ирж байгаа эсэхийг шалгаж, буцаад орж ирж байна гэсэн.
Холбоотой мэдээ