Төв Азид орос хэлний мэдлэг нь боловсрол, өндөр соёл, дээд зиндааг илэрхийлдэг үе байсан. Тиймээс орос хэлтэй бол ажилд ороход давуу тал болдог байв. Бүс нутгийн хамгийн сайн боловсролтой, хөгжил дэвшилтэй орон нь ОХУ байсан бөгөөд ЗХУ задарсны дараа ч Төв Азийн улсуудад орос нь албан ёсны хэл хэвээр байсан.
Харин одоо Орос улс нь Украины газар нутгаа булаан авч, Украины ард түмэнд өөрийн мөн чанараа тулгах зорилгоор геноцидын дайн хийж байна. Тиймээс олон оронд орос хэлээр ярих нь орон нутгийн өвөрмөц байдлыг колоничлолоор үргэлжлэн хэлмэгдүүлэхийн бэлгэдэл болжээ.
Өнөөдөр Төв Азийн орнуудын иргэд, ялангуяа хот суурин газрын оршин суугчид өөрөөсөө асууж байна. Яагаад бид эх хэлээрээ биш, харин биднийг эзэлсэн хөрш орны хэлээр ярьсаар байна вэ?
Бүс нутгийн хэл, түүхэн ой санамж, соёлын өвийг эрэлхийлэх ажил 20 жилийн өмнөөс эхэлсэн боловч саяхныг хүртэл Төв Азийн эрдэмтэд, иргэний нийгмийн дунд голчлон оршиж байв. Улс төрийн хувьд харьцангуй эрх чөлөөтэй Казахстан, Киргизстаны идэвхтнүүд, эрдэмтэн судлаачид, урлагийн нийгэмлэгүүд тус бүс нутгийн талаарх хуучин Зөвлөлтийн үзэл баримтлалыг эсэргүүцэн боссон. Оросын империализмыг шүүмжилсэн шүүмжлэл гол урсгал руугаа оржээ. Ялангуяа томоохон хотуудад олон нийтийн арга хэмжээ нь Төв Азийн соёлын талаарх Оросын колоничлолын хэвшмэл ойлголтоос татгалзахыг ил тод уриалж байна. Эдгээр хэлэлцүүлгийн сэдвүүд нь Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийг "хүчирхийллийн колоничлол" гэж өөрчлөх, бүс нутгийн хэлээр ярьж сурах, хувцас хунар, хоол ундны уламжлалыг сэргээх зэрэг багтана.
19-р зууны оргил үедээ Оросын хаант гүрэн Төв Азид ноёрхож, ЗХУ-ын үед өргөн уудам нутаг дэвсгэр дэх Оросын мөр улам батажжээ. Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украин дахь эзлэн түрэмгийллийн дайны үр дүнд Төв Азийн орнууд Оросын сүүдрээс гарч, 1991 онд коммунизм нуран унаснаас хойш байгаагүй арга замаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байна.
Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн таван улс бүгд үүнд болгоомжтой хандаж байна. Учир нь Оросын цэрэг, улс төр, эдийн засаг, соёлын нөлөө бүс нутагт хүчтэй хэвээр байгаа.
Төв Азийн орнуудаас Хятад эсвэл АНУ, тэр дундаа ЕХ эсвэл Турк руу чиглэсэн стратегийн эрс өөрчлөлтийг хүлээх нь бодитой бус юм. Гүрж, Молдав, Украин зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудад ажиглагдсан шиг ардчилал, барууны эвсэлд нэгдэх хүсэл Төв Азид давтагдахгүй. Гэсэн ч Путины дайралт нь удирдагчдын нүдээр Орос улс бүс нутагтаа дэг журам тогтоох найдвартай баталгаа болж харагдахаа больсон бөгөөд муугаар бодоход энэ нь аюул болж хувирна гэсэн үг юм. Нэг талаар ОХУ нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу дайрч, долоон сарын дараа тус улсын дөрвөн бүс нутгийг эзэлснээ зарласан нь Төв Азийн хөршүүдэд болгоомжлол төрүүлжээ. Ялангуяа, Казахстан улсад ийм түүх давтагдах магадлал өндөр. Газар нутгийн хувьд Төв Азийн хамгийн том орон, 19 сая хүн амынх нь гурван сая орчим нь оросууд бөгөөд тэд голдуу ОХУ-тай хил залгаа хойд нутгуудад амьдардаг.
Путин Украиныг задлан бутаргах үйл ажиллагаа хийхдээ, Оросын хилээс гадуур амьдарч буй олон сая орос хэлтэнгүүдийн эрхийг хамгаалах, тэднийг эх орондоо буцаан нэгтгэх талаар ярьсан.
Найман жилийн өмнө Путин Казахстаны төрт ёсыг хууль ёсны эсэхэд эргэлзэж, "Их Оросын ертөнцөд үлдэх" нь казахчуудын ашиг сонирхолд нийцэж байна гэж гэж үзсэн. Энэ нь Оросын хэт үндсэрхэг үзэлтнүүдийг улам өдөөсөн. Тухайлбал, хоёр жилийн өмнө Москва дахь Казахстаны элчин сайдын яаман дээр “Хойд Казахстан бол Оросын нутаг” хэмээн тунхагласан тугийг өлгөж байсан.
Нөгөөтэйгүүр, барууны хүчтэй дэмжлэгтэй Украины эсрэг дайн хийснээр Орос улс төв Азийн тогтвортой байдлыг хангах чадваргүй болж байна. Ингэснээр өөрчлөлтийг хурдасгажээ. Украиныг довтлохоос нэг сарын өмнө Путин Оросын тэргүүлсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ ивээл дор Казахстан руу цэргээ илгээснээр Кремлийн эрх мэдлийг баталгаажуулсан. 200 гаруй хүний амийг авч одсон үймээн самууныг дарах гэсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хүсэлтийн дагуу уг арга хэмжээг авчээ. Гэвч өнгөрсөн есдүгээр сард Киргизстан, Тажикистаны хооронд мөргөлдөөн гарахад Москва ч, ХАБГБ ч энэ асуудлыг намжаахыг хүсээгүй, чадаагүй. Киргизийн удирдлага үүнд бухимдан өнгөрсөн аравдугаар сард болох байсан ХАБГБ-ын цэргийн сургуулилалтыг цуцалсан. Мөн Орос-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр бүс нутгийн улс орнуудыг "хуучин ЗХУ-ын нэг хэсэг" хэвээр байгаа мэт харьцсан гэж Тажикистаны ерөнхийлөгч дургүйцжээ.
Үүний зэрэгцээ Узбекистан энэ сард Орос, Казахстантай “байгалийн хийн холбоо” байгуулах Москвагийн саналыг хүлээж авахаас татгалзсан юм.
Гэхдээ Төв Азийн удирдагчид Москватай хэт дайсагнахгүй байхыг хичээж байна. Тиймээс тэд Украины түрэмгийллийг олон нийтэд илт буруушаахаас зайлсхийдэг. Тухайлбал, Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын санал хураалтад түдгэлзсэн бол Туркменистан, Узбекистан санал өгөхөөс татгалзсан. Дээрх таван орны бүгдийнх нь зорилго бол эвслүүдэд шингэхээс зайлсхийх, тусгаар тогтнол, тогтвортой байдлыг хадгалах явдал юм.
ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT, FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ