Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын оргил руу автомашинаар гарахыг хориглох шийдвэрийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргажээ. Тодруулбал, Их ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглосон байна.
Эл шийдвэр өнөөдрөөс /2023.08.01/ хэрэгжиж эхэлж буй бөгөөд тодорхойгүй хугацаагаар хориглоод буй юм.
Дотоодын жуулчид Алтай Таван богд руу автомашинтайгаар уулын оргил өөд ихээр гарах болсноор орчны газрыг сүйтгэх болжээ. Иймээс дээрх арга хэмжээг авч буй аж. Иймээс аялагчид дээр нэр дурдсан бүсээс цааш мориор явж, Алтай таван богдын оргилд гарч болох нь.
1996 онд Алтай Таван богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай таван богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд Алтай Таван богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байдаг болсон юм.
Холбоотой мэдээ