Найр наадам өндөрлөж, намрын их ажил өрнөхөд МАН дотор хэнийг хуулийн байгууллагад шилжүүлж, хэнийг чөлөөлж, хэнийг үлдээх вэ гэдэг том асуудал босно.
Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг өндөрлүүлэхээс хэд хоногийн өмнө “2022 оны төсвийн зарцуулалттай холбоотойгоор аудитын байгууллагаас санхүүгийн сөрөг дүгнэлт авсан албан тушаалтнуудыг чөлөөлөх ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн.
Тэр бүү хэл “гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол Улсын ерөнхий прокурорт хандаж, эрүү үүсгүүлэн шалгуулах ёстой. Энэ асуудалд Төсвийн байнгын хороо хяналт тавин ажиллаж, хэрэгжилтийг хяна” гэсэн билээ. Гэвч эл асуудал зуны урт амралтад дарагдан нам болоод буй.
Төрийн өмчит компанийн хөрөнгийг хайр найргүй “цацсан” –аас аудитын байгууллагаас сөрөг дүгнэлт авсан хүний нэг нь “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Л.Наранбаатар. Аудитын шалгалтаар “Хөтөл цемент шохой” үйлдвэр нь Бумбын тахилгад 5.9 сая, Улаанбаатар дахь оффисын үйл ажиллагаанд 26.9 сая, урлагийн наадамд 900 мянга, улсын баяр наадам зохион байгуулахад 789 мянга, барилгачдын баяр зохион байгуулахад 1.8 сая төгрөг, дарга нарын амьдрах байрны түрээсэнд 40 сая төгрөг гэхчлэн зарцуулсан нь нийт дүнгээрээ 21.3 тэрбум төгрөг болж, сөрөг дүгнэлт авсан байдаг.
Дээрх аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл “Аудитын сөрөг дүгнэлт бол ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл” гэдэг тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн удаатай. Гэвчиг Л.Наранбаатар “Сахал Д.Эрдэнэбилэгийн захиалгаар намайг албан тушаалаас чөлөөлүүлэхийн тулд гүтгэж байна” гэж санхүүгийн зөрчлөө хаацайлсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга ч чиглэл авсан уу, хэлсэн үгнээсээ буцаж, “Л.Наранбаатар сайн ажиллаж байна” гэх үг ярьж, өмнөх байр сууринаасаа буцсан.
Түүний дараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тус бүр ажиллаж, өмнөх хувьчлалуудыг сөхсөн нь нэг ёсны сөрсөн базаа болсон гэж тодорхойлж болох ч хуудуутай зүйлийг нь нам дарах ажиллагааг явуулчихав уу гэх хардлага дагуулсан юм.
Учир нь, “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Л.Наранбаатарыг “Архи уухаараа ажилдаа ирдэггүй хэд хоногоор алга болдог. Алсаас үйлдвэрээ удирддаг хүн хэрэггүй” гэдэг дуулиантай тайлбар хийж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл хэн нэгэнд чихдүүлсэн үү, эсвэл дахин ийм үг унагавал ажлаасаа өөрөө ч халагдаж мэдэх анхааруулга авсан уу. Л.Наранбаатарт шүүмжлэлтэй ханддаг байр сууринаасаа буцсан. Харин ч Хөтөл цемент шохой үйлдвэрийг хувийн хэвшил авснаар 2011-2022 он хүртэл 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг тайлбар хийсэн.
Л.Наранбаатар “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсоныхоо дараа “Сахал Д.Эрдэнэбилэг тус үйлдвэрийг хувьчилж авснаас хойш 375 тэрбум төгрөгийн хохиролд оруулсан” гэдэг мэдээллийг хийж байв.
- Ингэхдээ 88 тэрбум нь цементийн авлага. Цементийг хөнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан,
- 70 тэрбумыг ХХБ-аас авч Цемент шохойн үйлдвэрээр түрийвч шиг дамжуулан Хөтөл ХХК руу оруулж гаргасан мөнгө угаасан,
- 45 тэрбум нь цэвэр ашгийг бууруулсан хохирол,
- 27 тэрбум нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөөгүй хохирол,
- 69 тэрбум нь гадаад валютын ханшийн алдагдал,
- 44 тэрбум нь ХХБ-ны зээлийн хүү,
- 27 тэрбум нь борлуулалтын орлогыг Хөтөл ХХК руу шилжүүлсэн,
- 4 тэрбум нь орон сууц барьж, тансагласан гэсэн юм.
Улмаар эл асуудлыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгч, шалгуулна гэсэн. Энэхүү гомдлоор АТГ ч шалгалт эхлүүлж, хуулийн байгууллага дээр Д.Эрдэнэбилэг шалгагдаж буй. Харин эрх баригчид эл асуудлыг дахин, дахин сөхсөн нь Л.Наранбаатарын хууль зөрчсөн үйлдлийг хаацайлахын тулд хийсэн алхам болчихов уу гэж үзэж буйг үгүйсгэх бас аргагүй байгаа юм.
УИХ-ын хувьд баталсан хуульдаа хяналт тавих нь хууль ёсны зүйл. Харин түүнийг нь улстөржүүлэхгүй, хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Хэрвээ төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлж, зөрчлөө арилгахгүй бол төсвийг хууль бус зүйлд зарцуулж байгаа асуудал тасрахгүй. Энэний ард авлига, хээл хахууль цэцэглэнэ, албан тушаалтнууд хөлжинө гэсэн үг.
Үйл явдал намраас хэрхэн өрнөж, хэн, хэн хуулийн байгууллагад шалгуулж, хэн чөлөөлөгдөхийг харах л үлдэж байна.
Г.ХОРОЛ