
Чөлөөлөх дайнд Монгол Зөвлөлтийн арми ялалт байгуулсны 65 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд чөлөөлөх дайны бэлтгэлийг хангах бааз суурь болж байсан Сүхбаатар, Дорноговь аймагт ойн баярыг тэмдэглэж Сайншанд хотод цэргийн хүрээнийхэн оролцсон ёслолын жагсаал болсон байна. Жагсаалд орон нутаг дахь цэргүүдээс гадна Улаанбаатар хотоос ч цэрэг дайчид оролцжээ. Харин маргааш нийслэл хотод Сүхбаатарын талбайд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын ёслолын жагсаал болох юм байна. Чөлөөлөх дайны ойн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд чөлөөлөх дайны сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эл хуралд ОХУ, БНХАУ, Япон зэрэг улс орны эрдэмтэд оролцоно. Есдүгээр сарын 2-ны өдөр улсын баатар Л.Дандар, жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөө болон Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө. Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөө нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хойд талд байдаг бол Л.Дандар баатарын хөшөө Офицерүүдийн ордны үүдэнд байдаг юм. 65 жилийн тэртээ чөлөөлөх дайны гал бүрэн унтарсан есдүгээр сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд дайны үеийн гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэсэн үзэсгэлэн гарахын сацуу баярын хурал хийж, концерт тоглох юм байна.
Д.Цээнэ