Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.08.01/ шинэ төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Уг наадмын ерөнхий найруулагчаар тус аймгийн Шарга сумын харьяат, Соёл урлагийн их сургуулийн Бүжиглэх урлагийн сургуулийн захирал, бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн ойн баяр наадамтай хамтатган хурдан морины бүсийн уралдааныг хийхээр болжээ. Тус аймаг 3000 хүний суудалтай шинэ цэнгэлдэхийг ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн "Жангар” фестиваль наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулах гэж байна.
"Жангар" фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос үе тэнгийн залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, найзалж нөхөрлөх, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагаа, бизнес, эдийн засгийн харилцааны суурийг үүсгэх боломжийг олгох “Жангар” фестиваль нь ашгийн төлөө бус учир энэ зуны хамгийн хямд такстай залуусын арга хэмжээ болж байна. Адал явдалд дуртай, агаар салхи, амьд байгальд хайртай залуус та бүхэн “Жангар” фестивалийн гурван өдрийн арга хэмжээнд ердөө л 50 мянган төгрөгөөр оролцох боломжтой.
Өнгөрсөн өдрүүдэд Төв, Хэнтий, Архангай, Завхан аймгууд 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэж, өндөрлүүлсэн. Энэхүү дөрвөн аймгаас Хэнтий аймгийн 100 жилийн ойн үндэсний их баяр наадам хамгийн булхайтай болж, Монгол даяар шүүмжлэлд өртөөд байна.