Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тав давж Улсын начин цол хүртсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Язгууртны Зам" ХХК-ийн бөх Монгол Улсын начин Дамдингийн Тогтохжаргалд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн Өндөрхангай суманд наймдугаар сарын 18-нд болох гэнэ.
Түүний цолны мялаалгад зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөгийн бай гардах аж.
Тэрбээр ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд их сургуулиа төгссөний дараахан С.Мөнхбат аваргын анхны шавь нь болж байжээ. Тэр цагаас хойш идэвхтэй барилдаж, Өндөрхангай сумандаа 70 жилийн дараа аймгийн арслан цол авчирсан байна. Мөн Увс аймгийн анхны Даншиг наадмын начин болж байжээ. Харин улсын наадамд сүүлийн зургаан жил барилдаж, гурван удаа дөрвийн даваанд, хоёр удаа тавын даваанд өвдөг шороодож байсан удаатай. Энэ жил улсын баяр наадмын үндэсний бөхийн тавын даваанд С.Мөнхбат аваргаар тав давж, Улсын начин цолны болзлыг хангасан юм.
Энэ жил Өндөрхангай сумандаа 29 жилийн дараа улсын цол авчирч, аймгийнхаа 61 дэх улсын цолтон болсон байна.
Холбоотой мэдээ