Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернэт банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлснийг мэдсээр байж буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.
Эрүүгийн хуульд “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилж өгсөн юм.
Хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.
Мөнхийн таксигаар үйлчлүүлсэн Б-ээс андуураад түүн рүү шилжүүлсэн 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцож шүүхээс ял оногдуулж, хэрэг шүүхэд байхад Мөнх нь 1,180,000 төгрөг хохирогчид төлсөн тул үлдэгдэл 298,000 төгрөгийг түүнээс буцаан олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.
Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.
Мөнхийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийнэ.
Холбоотой мэдээ