Байр суурь: Айлчлал АНУ-аас хөрөнгө оруулалт татахад чиглэх байх

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Байр суурь: Айлчлал АНУ-аас хөрөнгө оруулалт татахад чиглэх байх

Байр суурь: Айлчлал АНУ-аас хөрөнгө оруулалт татахад чиглэх байх

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байгаа аж. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулах талаар албан ёсны мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ хийх айлчлалын үр дүнг олон улс судлаачид хэрхэн дүгнэж байгаа талаар байр суурийг хүргэе.


ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ОЙРТУУЛАХАД ЭНЭ УДААГИЙН АЙЛЧЛАЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Олон улс судлаач П.Наранбаяр:

-Миний харж байгаагаар энэ удаагийн айлчлал гол нь АНУ-аас хөрөнгө оруулалт татахад чиглэх болов уу гэж харж байна. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж байна. Өмнө нь Монгол Улсын төрийн тэргүүнүүд АНУ-д айлчилж аюулгүй байдлын асуудлыг түлхүү ярилцдаг байсан бол энэ удаа хөрөнгө, оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд ач холбогдол өгөх нь Ерөнхий сайдын уулзах хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харагдаж байна.

Хоёрдугаарт, ОХУ болон Укрианы дайн сунжирч байгаа энэ үед шинэ нөхцөл байдал яригдаж байна. Энэ үед Монгол Улсын геополитикийн ач холбогдол өсөн нэмэгдэж байна. Тиймээс бид гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ-ыг байнга ярьдаг. Тиймээс хоёр орны харилцааг ойртуулахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой. Хэдийгээр АНУ-ын нэр хүнд дэлхий нийтэд өндөр биш байгаа ч АНУ ардчиллын өлгий нутаг, Монголын хувьд гуравдагч хөрш учраас хамтын харилцаагаа бэхжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлэх байх.

Хоёр орны харилцан хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлыг аваад үзвэл өнгөрсөн нэгдүгээр сард АНЧАМ-ын хурал дээр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээр гэж бий. Гэтэл Монгол Улсыг уг хэлэлцээрийн үүргээ бүрэн биелүүлээгүй хэмээн АНУ дүгнэсэн” гэдгийг танилцуулсан.

Хэдийгээр Монгол Улсын хувьд оны эхний улирлын байдлаар эдийн засаг нь тодорхой хэмжээгээр өссөн, хөрөнгө оруулалтын орчин нөхцлөө сайжруулсан гэж байгаа боловч “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх” гэдэг олон улсын зарчимаа гүйцэтгэхгүй байгаа цагт АНУ-ын гол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй л дээ. Тийм учраас бид олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг, хариуцлагатай баймаар байна.

АНУ-д олон монгол иргэн амьдарч байна. Тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулчихсан иргэд ч бий. Мөн Монгол угсаатай халимагууд бий. Өөрөөр хэлбэл, эх орноо гэсэн элэг нэгтээ ахан дүүсээ Монгол руугаа хөрөнгө оруулалт хийх орчин руу түлхүү анхаарах нь богино хугацаанд үр дүнд хүрэх байх гэж харж байна. Энэ чиглэлд зөв бодлого явуулах нь чухал байна. Яг одоогийн байдлаар АНЦ-аас Монгол Улс руу оруулсан хөрөнгө оруулалт давжаа байна. Гэсэн хэдий 1990-ээд оны сүүлээр  Тахи Ко гэх төрийн өмчит компани байсан. Сүүлд хувьчлагдсан. Тус компани  Монголоос АНУ-руу оёмол бүтээгдэхүүнийг 100 хувь татваргүй оруулдаг байсан. Нэг ёсондоо АНУ-аас олгосон татварын хөнгөлөлтийг эдэлж чадсан цорын ганц компани. Тухайн компани хэдэн мянган иргэнийг ажлын байраар хангаж байсан түүх бий. Энэ мэтчилэн АНУ-аас Монголд худалдааны таатай орчин, хөнгөлөлт үзүүлбэл АНУ, Хятадын худалдааны харилцаа хурцадмал байгаа энэ үед бидний ач холбогдол өснө.

Хоёрдугаарт, "Номадик Экспидишнз" ХХК нь АНУ-аас ирж байгаа аялал жуулчлалыг хөгжүүлж, өгөөж өндөр хүртсэн. Одоо ч байгаа. Тус компани аялал жуулчлалын олон сайн жишээг Монголд нутагшуулж, анхны эко аялал жуулчлалын бааз бий болгож, байгаль орчинд ээлтэй  ААН болорын сацуу аялал жуулчлалын шинэ стандартыг бий болгосон. Тус компанийг халимаг хүн удирдаж байсан. Хэн ч Монголд хөрөнгө оруулдаггүй 1990-ээд оны эхээр хөрөнгө оруулж байсан. Энэ мэтчилэн сайн жишээнээс үлгэр авч бодлогоо боловсруулах хэрэгтэй. Том том төсөл хөтөлбөр яриад байхдаа гол биш. АНУ үнэт зүйлийн гадаад бодлого явуулдаг. Үнэт зүйлийн гадаад бодлого гэдэг бол ижил үнэт зүйлтэй улс оронтой харилцаагаа хөгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл ардчилал дээр бидний үнэт зүйл одоо ч, цаашид ч нэгдэж нягтарсаар байх болно.

 ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРЛААС ГАРАХАД ЧИГЛЭСЭН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ӨРНҮҮЛЖ ЧАДВАЛ ЧУХАЛ ҮР ДҮН ГАРНА

Олон улс судлаач Р.Нямдаваа:

-АНУ-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчилж байгаатай холбоотойноор үр дүнгийн хүлээлт иргэдийн дунд нэлээд өндөр байх шиг байна. Эрчим хүчний асуудал болоод англи хэлний багшийн хүний нөөцтэй холбоотой асуудлууд яригдах болов уу гэсэн таамаг нийгэмд байна. Миний харж байгаагаар олон улсын харилцааны ерөнхий систем эмзэг байна. Тухайлбал, АНУ болон ОХУ, АНУ, БНХАУ-ын харилцаа таагүй байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилж байгаа нь өөрөө өндөр ач холбогдолтой зүйл гэж харж байна. Монгол Улсад гуравдагч хөршийн бодлого гэж бий.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд стратегийн түншлэлийн харилцаатай цөөн улс орны нэг нь АНУ. Тиймээс АНУ-д хийж байгаа айлчлал олон улсын нөхцөл байдлаасаа хамаараад сонирхолтой айлчлал болох болов уу гэж харж байна. Манай талын ашиг сонирхол бол гадаад бодлогын ерөнхий жанжин шугамаа хадгалах, хангах л ёстой. АНУ-ын ашиг сонирхолыг татах ёстой. Их гүрнүүдийн дунд явж байгаа сөргөлдөөний дунд өөрсдөдөө хожоотой олон жил яригдаж байгаа асуудлуудаа шийдүүлэх боломжууд гарч ирж магадгүй хэмээн харж байна.

Монгол Улс сүүлийн жил гаруй хугацаанд ОХУ болон Укрианы хооронд өрнөж байгаа дайны асуудал дээр тогтмол түдгэлзсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсээр ирсэн.  ОХУ болон Укрианы асуудалд харьцангуй төвийг сахисан байр суурьтай байгаа. Нэг талаас барууны орнуудаас нөгөө талаас ОХУ, БНХАУ-аас өөр өөрсдийн талд Монгол Улсыг татахын тулд тулгалтын хэв шинжтэй үйлдлүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын сонирхол бодлогоо хадгалах учраас энэ удаагийн айлчлалаар ямар нэгэн байдлаар ОХУ болон Укрианы асуудал хөндөгдөнө гэсэн хүлээлт алга. Харин үүссэн асуудалтай холбоотойгоор Монгол Улсыг өөртөө татахын тулд ямар алхам, ямар амлалт өгч, ямар чиглэлд хамтран ажиллах санал санаачилга гаргах бол гэсэн хүлээлт байхын хувьд байна. Гэхдээ хоёр орны төрийн дээд айлчлал гэдэг бол гэнэт л хоёр хүн гудамжинд тааралдаад уулзаж байгаатай ижил зүйл биш л дээ. Урьдаас төлөвлөгдөж ярилцах хэлэлцэх асуудлууд нь тодорхой гарчихсан байгаа учраас ямар нэгэн гэнэтийн бэлэг, үр дүн хүлээх нь өрөөсгөл.

Хөрөнгө оруулалтын тал дээр аль салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулалт татах гэх мэтчилэн нарийн мэдээлэл надад алга. Харин олон нийтийн хэвлэл мэдээлэлд гарч байгаа мэдээллүүдийг аваад үзвэл сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр хамтарч ажиллах магадлал өндөр гэсэн таамаглалууд байна. Тус айлчлалаас харах ёстой бас нэг чухал асуудал гэвэл Монгол Улс зөвхөн Оюутолгой эсвэл уул уурхайн салбарын өндөр мөнгөн дүн эргэлдсэн хөрөнгө оруулалтад анхаарахаас гадна улс орондоо хамгийн их тулгамдаж байгаа асуудалдаа шийдэхэд ямар шийдэл, гарц гаргалгаа гаргах нь вэ гэдгийг харах ёстой. Хэдхэн хоногийн өмнө хилийн цаана гэмтэл гарахад монголчууд эрчим хүчний хэрэглээний хувьд шууд хязгаарлалтад өртөж байна. Мөн ОХУ нөхцөл байдал тогтворгүй, БНХАУ, АНУ хооронд сөргөлдөөнтэй байгаа энэ үед эрчим хүчний хамаарлаас гарахад ямар нэгэн байдлаар АНУ хамтарч ажиллах яриа хэлэлцээр өрнүүлж чадах юм бол ямар ч уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас илүү үр дүнтэй ажил байх болов уу гэсэн хүлээлт байна.

АЙЛЧЛАЛ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРАА БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭХ БАЙХ

 Олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүү:

-Дэлхийн тэргүүлэх глобал гүрэнтэй хамтран ажиллаж ирсэн бахархам түүх гэсэн ганцхан үгээр дүгнэмээр байна. Гуравдагч хөрш чинь болъё, болж чадна гэдэг итгэл 1990 онд бидэнд төрүүлсэн, тэр утгаар гуравдагч хөршийн концепцыг өөрсдөө бидэнд сэдээд өгчихсөн дэлхийн том гүрэн бол АНУ шүү дээ. Тэр утгаар манай улсын хувьд анхдагч, тэгэхдээ гол гуравдагч хөрш, дээр нь стратегийн түнш улс. Монголын хувьд геополитикийн, стратегийн түншээ гэж. Тэр өнцгөөс айлчлалын улс төрийн ач холбогдлыг нь олж хараасай, тэгэхдээ бүр олзуурхан лавшруулж хараасай.

АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан айл. Тэр бас дипломат харилцааны өнгөрсөн жилүүдийн нэг гол үр дүн байх ёстой. Улс төрийн харилцаа бидний хүссэн дээд түншиндээ хүрсэн байна. Одоо үүнийгээ эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхэд л Ерөнхий сайдын айлчлал чиглээсэй гэж ерөөх байна. Ерөнхий сайдын маань үндсэн үүрэгт ажил улс орны эдийн засаг шүү дээ. Товчоор хариулбал. Тиймээс эдийн засгийн асуудалд түлхүү анхаарах айлчлал байх болов уу. Дэлхийн хэмжээний геополитик ярьж улс төрийн мэдэгдэл хийхээсээ Монгол орны эдийн засаг, нийгэмд хэрэгтэй хамтын ажиллаганы нарийн ширийн асуудал ярилцана гэж би хувьдаа тааж байна. Манай талаас энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхдээ Монгол орны хөгжил дэвшил, хүн ардад хэрэгтэй хамтын ажиллагааны боломж эрэлхийлж ажиллана. Айлчлал гэдэг бол манай мэтийн жижиг улсад эрэлхийлэл байдаг. Ерөөсөө шилжилтийн энэ үеүдийн гадаад айлчлал, гадаад хамтын ажиллагаа манай улсад ямагт бүтээлч, прагматик эрэлхийлэл байж ирсэн байдаг. Тэр өнцгөөс нь Та бүхэнтэй яг адил айлчлалын дүнг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж