Сурвалжлага: Наршилтаас болж, өдөрт 800-1000 орчим дуудлага ирж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Наршилтаас болж, өдөрт 800-1000 орчим дуудлага ирж байна

Сурвалжлага: Наршилтаас болж, өдөрт 800-1000 орчим дуудлага ирж байна

Агаарын температур +40 хүрч халж байгаа эдгээр өдрүүдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийн төвүүдэд наршилттай холбоотой дуудлага ихээр бүртгэгдэх болжээ. Ялангуяа, хүүхэд, өндөр настай хүмүүс олноороо наршиж байна. Тиймээс хэт халуун өдрүүдэд наршилт, нарны хордлогоос сэргийлэхэд юуг анхаарах талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Аймгуудын ойн баяр наадам үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гэр бүлээрээ хөдөө гадаа аян замд ихээр явж, наршиж, нарны хордлогонд орж байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүс ч нарны хордлогод орж, нарших нь элбэг байгаа аж.

Иргэн Ч.ЭнхцэцэгЭнэ зуны нар урд урдынхаас илүү хурц, илчтэй байна. Сая гэхэд Төв аймгийн 100 жилд хоёр настай хүүтэйгээ яваад гадаа бараг цаг ч болоогүй ихэвчлэн машинд байсан. Тэгэхэд л хүүхэд оройноос нь бөөлжиж, суулгаад сулбайгаад эхэлсэн. Нарны хор гэдэг их аюултай хүүхэд хамаг шингэнээ алдчихдаг. Одоо суурин бид нарт үр хүүхдүүдээ агаарлуулах ганц л боломж нь зуны дэлгэр цаг. Гэтэл ингээд ганц цаг гадаа байя уу, үгүй юу нарны хордлого болчихлоо. Үнэхээр аймар халж байна. Хүүхэд гэлтгүй том хүмүүс хүртэл наршаад байхад энэ нялх амьтад бол ёстой арга байхгүй. Зуны цагт гэрт хориод байх хэцүү. Аваад гарах бас хэцүү л цаг агаартай байна даа энэ зун. Улсын эмнэлэгт дугаарлах хүндрэлтэй санагдаад хувийн эмнэлэгт дусал хийлгэж байгаа” гэлээ.

Иргэн А.Пүрэвжав “Ойрын өдрүүдэд их халж байна. Энэ халуунд өндөр настай, даралт өндөртэй хүмүүс, хүүхдүүд л хэцүү байна. Миний хувьд нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг. Тиймээс автобусаар зорчиход зарим үед дүүрэн хүнтэй болохоор энэ халуунд хүндрэлтэй байна. Сүүлд орж ирсэн улаан автобусаар зорчиход эйр-кондишнтой болохоор амар юм. Хуучны автобус эйр-кондишн байхгүй учраас их бүгчим байх юм. Тэгээд цонхоо онгойлгоод л агаар оруулаад явдаг. Зарим зорчигчид эйр-кондишн нь ажиллаж байгаа автобусны цонхыг нь онгойлгочих юм. Ингэхээр  ямар хэрэг байхав дээ.  Өчигдрийн цаг агаарын мэдээгээр Улаанбаатарт бороо багатай л гэж сонсогдож байсан. Тэгэхээр халуун өдрүүд үргэлжлэх л байх” гэв.

 

 

103 ТӨВД ӨДӨРТ 800-1000 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ БАЙНА

Хэт халалтаас үүдэлтэй наршилт болон өдөрт ирж байгаа дуудлага мэдээллийн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чанар аюулгүй байдлын албаны менежер Н.Ууганцэцэгээс тодрууллаа. Тэрбээр Наршилттай холбоотой дуудлага мэдээлэл ихэсч байна. Ойрын өдрүүдэд 800-1000 дуудлага бүртгэгдэж байна. Зарим үед 1100 давах ч тохиолдол байна. Үүнээс цөөнгүй хувь нь наршилттай холбоотой бөгөөд ахимаг настай хүмүүст даралт ихсэх, зүрх судасны өвчинтэй хүмүүс давамгай байна.

Мөн архины хордлого болон бага насны хүүхдүүд, үер устай холбоотойгоор гэдэсний халдварын дуудлага бүртгэгдэх болсон.

Хэт халалтаас үүдэлтэй бага насны хүүхдүүд, өндөр настай хүмүүсийн артерийн даралт ихсэх, зүрх судасны өвчлөлөөр өвчлөх болон бага насны хүүхдүүд наршилттай холбоотой гүйлгэх, суулгах эмгэгүүд ихсэж дуудлагыг нэмэгдүүлж байна. Өмнөх онтой харьцуулахад наршилт 10-15 хувиар нэмэгдсэн. Наршилтаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гаргахгүй байх, хүүхдээ салхилуулахдаа агаарын температурыг харж байгаад нар буухаар буюу оройны 18:00 цагаас хойш хүүхдээ салхилуулж, шингэн бүлээн зүйл өгөх хэрэгтэй. Насанд хүрэгчид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, зүрх судасны өвчтэй артерийн даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух, шингэн зүйл сайн уух, хяналтын эмчдээ тогтмол үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэлээ.

НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ААГИМ ХАЛУУН ҮРГЭЛЖИЛНЭ

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүд болон ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг тодрууллаа. Цаг уурч О.Эрдэнэтуяа “Энэ сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хагаст  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна гэв.

Цаг уурч Б.Цэрэнчунт хэлэхдээ,Наймдугаар сарын агаарын дундаж температур 2001–2002, 2005–2008, 2011, 2015, 2016, 2018 онуудад ОЖД (олон жилийн дундаж)–аас 1–3°С–аар дулаан байж, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 36–40°С хүрч халж байв. Харин 1980–1999 онуудад ОЖД–аас хүйтэн жилүүд үргэлжилж байсан бол 2003, 2004, 2010, 2012, 2017 онууд болон 2020, 2021, 2022 онуудад ОЖД-аас 1–3°С–аар хүйтэн байсан байна. Харин энэ оны наймдугаар сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээллээр төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн зарим хэсгээр олон жилийн дундаж орчим байна. Харин баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан,Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна гэлээ.       

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж