Дуулиант хэргийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргийн эргэн тойронд

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлээгүй бөгөөд хянаж байгаа гэнэ. Харин шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод дөрөвдүгээр сард Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавьсан. Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.

Л.ЧИНБАТ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Нэг сар өнгөрсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлж байв. Тэгвэл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад буй. Б.Ганзориг "Хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгч байв. Тодруулбал,
  • Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.

Т.БАДАМЖУНАЙГ СУЛЛАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВИВ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд хилийн хориг тавин, баяр наадмын өмнө сулласан. Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангасан юм байна.

Тодруулбал, Т.Бадамжунайг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хугацааг нь сунгаж байсан аж.

Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргаж, шүүх хүсэлтийг нь үндэслэлтэй гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна.

Сайд асан Т.Бадамжунай нь 2018 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдах болонгуутаа Замын-Үүдээр хилийн дээс алхан гарсан байсан юм.  Улаан хугацаанд хилийн гадна байсны эцэст Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулснаар энэ оны дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирсэн.  Ирсэн даруйд нь шууд цагдан хорьсон юм. АТГ түүнийг шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа.

Нийслэлийн прокурорын газраас сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр наадмын өмнө хорих ангиас суллагдсанаар гадуур байцаагдаж байна.

Б.ГАНХУЯГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /2023.07.06/хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа учир үргэлжлүүлэн хорих эсэхийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж шийднэ.

Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

ХАМТРАН АМЬДРАГЧИД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тус улсад дөрвөн удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүү тав дахь хагалгаандаа орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүгийн ар гэрийнхэн удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж,  шүүх хурал өнгөрөгч Баасан гаригт болжээ. Улмаар шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж