Улаанбаатар-Улиастай чиглэлийн өнөөдрийн /2023.07.31/ ОМ061 дугаарт аялал цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Доной нисэх буудалд буулгүй Улаанбаатар хотод эргэж 13:36 цагт буужээ.
Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт хийхэд шаардлагатай үзэгдэх орчинг хязгаарлаж байсан тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус аяллын нислэг Доной нисэх буудалд буух боломжгүй байсан аж.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчимд хуримтлагдсан үүлний масс нь ирэх хоёр хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул ОМ061/062 аяллын нислэгийг цуцалжээ. Энэ талаар МИАТ төрийн өмчит компаниас мэдэгдээд байна.
ОМ061 болон ОМ062 аяллын нислэгийн зорчигчдыг Доной чиглэлийн дараагийн нислэгт шилжүүлэх буюу, тийзээ буцаах хүсэлтэй зорчигчийн тийзийг ямар нэгэн татвар хураамжгүй буцаах аж. Тус аяллын зорчигч Та бүхэн дараагийн нислэг болон тийз буцаах асуудлаар компанийн Мэдээлэл лавлагааны +976 11 333-999 утсанд хандах боломжтойг мэдэгдэж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.
Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь МИАТ ТӨХК-ийн хувьд нэн тэргүүний зүйл бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хамтарч ажилласан зорчигч та бүхэнд гүн талархал илэрхийлж байна гэлээ.