Хэт халалт зуны аялал жуулчлалыг үүрд өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Хэт халалт зуны аялал жуулчлалыг үүрд өөрчилнө

Хэт халалт зуны аялал жуулчлалыг үүрд өөрчилнө

Сүүлийн 40 жилийн турш өмнөд Европ нь зуны аялал зугаалгын гол чиглэл байсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн долдугаар сард энэ бүс нутагт хэт халалт үргэлжилж, агаарын температур Цельсийн 40 градус хүрснээс хэд хэдэн оронд томоохон хэмжээний ой хээрийн түймэр гарлаа.  Аялал жуулчлал нь Европын ДНБ-ний тодорхой хувийг бүрдүүлдэг, чухал салбарт тооцогддог.

Тэр дундаа Испани, Итали, Грек зэрэг орнуудын эдийн засаг аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай байдаг.  Гэвч дэлхийн дулаарлаас үүдэлтэй хэт халалтаас шалтгаалан өмнөд Европыг зорих жуулчдын тоо цөөрөх хандлагатай байна.

Энэхүү болгоомжлол өнгөрсөн онд таамаг, айдас төдий байсан бол Европын зөвлөлөөс үүнийг тоо баримтаар нотлон мэдээлжээ. Европын комиссын судалгааг  Европын комиссын уур амьсгалын нөлөөлөл, дасан зохицох бодлогыг даван туулах албаны мэргэжилтэн Дэвид Гарсиа Леон танилцуулав. Тэрбээр Европын аялал жуулчлалын эрэлт хэрэгцээнд хойд болон өмнөд хэсэгт өөрчлөлт орох тодорхой хэв маягийг олж илрүүлсэн бөгөөд хойд бүсүүд уур амьсгалын өөрчлөлтөөс ашиг хүртэж, өмнөд бүсүүд аялал жуулчлалын эрэлт мэдэгдэхүйц буурч байгааг онцолжээ. 

Харин Францын аялал жуулчлалын агентлагийн "Entreprises de Voyage" нийгэмлэгийн ерөнхийлөгч Жан-Пьер Мас үүнтэй санал нийлэхгүй байна. Түүний үзэж буйгаар "Ямар ч огцом бууралт гарахгүй. Үүний оронд аажмаар өөрчлөлт орно" гэж тайлбарласан байна. Тухайлбал, Маврики улсын өвлийн сарууд долоо, наймдугаар сард болдог ч францчуудын хувьд зуны хамгийн чухал есдүгээрт ордог. Тиймээс Грек, Испани, Итали зэрэг орнуудад аялал жуулчлал унах биш идэвхтэй сарууд нь өөрчлөгдөнө гэсэн үг.

Гэсэн ч Европ дахь амрагчид аажмаар аяллын чиглэлээ өөрчилж байгаа бөгөөд энэ нь маш удаан боловч мэдэгдэхүйц байна гэж Францын аялал жуулчлалын агентлагуудын холбооны ерөнхийлөгч Жан-Пьер Мас хэлэв. "Энэ зун франц аялагчдын хамгийн их зорчсон очих газрууд нь нэгдүгээрт Грек, хоёрдугаарт Испани, гуравдугаарт Тунис байна. Гэхдээ Скандинавын орнуудыг зорих жуулчдын тоо мэдэгдэхүйц өссөн нь харагджээ. Улмаар аялал жуулчлал Европын өмнөд хэсгээс хойд хэсэг рүү чиглэж эхэлсэн" гэж тэрбээр тайлбарлажээ. 

Германы статистикийн газраас гаргасан мэдээллээр, тус улсын иргэдийн хамгийн их зорчсон орон нь өнгөрсөн жил Итали /14 хувь /Австри (14 хувь), Испани (11 хувь), Франц (7 хувь) Нидерланд (7 хувь) байжээ. Эдгээр таван орон нь германчуудын хувьд цар тахлын өмнө, үеэр, хойно ч хамгийн их зорчсон улсууд.

"Хэдийгээр Испани, Италид хэт халалт үргэлжилж байгаа ч хүмүүс бөөнөөрөө аяллаа цуцлаагүй. Гэхдээ шинэ захиалгын тоо мэдэгдэхүйц буурсан" гэдгийг аялал жуулчлалын мэргэжилтэн Оливер Понти тайлбарлав.

Цар тахлаас хойш Грек улсын аялал жуулчлал өмнөхөөсөө илүү өсөлтөд хүрч, Итали, Испанид нөхцөл байдал 2019 оны үед эргэн сэргэсэн. Гэвч хэт халалт, түймрийн улмаас Итали, Грект түймэр гарч, жуулчдыг нүүлгэн шилжүүлсэн нь ирээдүйн аяллын хандлагад нөлөөлнө гэж үзэж байна.

Гурван жил шахам хөл хорионд байсны эцэст аялал жуулчлал эргэн сэргэж, инфляци өсч, зардал нэмэгдсэн ч  эрэлт өндөр байна. Тухайлбал, Португал (79 хувь), Турк (78 хувь), Монтенегро (43 хувь) зэрэг орнуудад жуулчдын тоо дээрх хувиар өсч, ам.долларын ханшаас шалтгаалан АНУ-аас ирэх жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-ийн тооцоогоор Европ энэ онд дэлхийн хамгийн эрэлттэй бүс нутаг хэвээр байна. 2020 онд тус тив дэлхийн нийт аялал жуулчлалын орлогын 41 хувь, олон улсын хэмжээнд ирсэн нийт жуулчдын 51 хувийг эзэлсэн нь 582 сая жуулчинтай тэнцэж байна. Гэвч Европ нь дэлхийн аль ч бүс нутгаас илүү хурдацтайгаар дулаарч байгаа хэсэг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж