МАН-ын “тогоо баригч”

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

МАН-ын “тогоо баригч”

МАН-ын “тогоо баригч”

Энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Дуламдоржийн Тогтохсүрэнг онцолж байна.


Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Д.Тогтохсүрэн бөгөөд 2020 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр 1968 онд Өвөрхангай аймагт төрж, зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Түүний аав Б.Дуламдорж нь нутаг усандаа улсын сайн малчин гэгддэг. Тэрбээр 1991 онд хуульч мэргэжил эзэмшиж, тус аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүнчлэн 1996 оноос тус аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 он хүртэл тус аймгийн ИТХ-ын дарга, 2008-2016 он хүртэл тус аймгийн Засаг дарга, 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Түүний эхнэр хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
  • 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
  • 2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр

2022 ОНД ТҮҮНИЙ ХОМ БУУРЧЭЭ

АТГ-аас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт 2020 онд нийт орлого 128 сая 473 сая төгрөг, өөрийн орлого 50 сая төгрөг, гэр бүлийн орлого 77 сая төгрөг, 188 сая төгрөгийн нэг ширхэг орон сууц, 14 сая төгрөгийн үнэ бүхий мал, 79 сая суудлын жижиг машин, Lexus, RX 330  автомашин, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. 2021 онд нийт орлого 159 сая болтлоо өсчээ. Үүнд өөрийн орлого 93 сая төгрөг, гэр бүлийн орлого 65 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 2022 онд нийт орлого 93 сая төгрөг, гэр бүлийн орлого 25 сая төгрөг буюу өмнөх оноос буурсан дүнг мэдүүлжээ.

ТОЙРГОО “УСЛАГЧ” Д.ТОГТОХСҮРЭН

2018 онд ЖДҮХС-ийн хэрэг ил болж, түүнийг нэр холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч “гүтгэлэг” гэсэн удаатай. 2023 онд тэрбээр ахмадуудад мөнгө тараасан дуулианд холбогдсон. Үүнийгээ ч үгүйсгээгүй. Ил тод мэдээлсэнд иргэд бухимдаж байлаа. Тэрбээр уг асуудалд  “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” гэх тайлбарыг өгч байлаа.

2016-2020 оны парламентад байхдаа тэрбээр танхимдаа “тодорч” чадаагүй ч энэ удаагийн парламентад МАН-ын бүлгийн дарга буюу “тогоо баригч”-ын ажлыг хийж байна. Энэ утгаараа МАН-д нөлөө ихтэй. Бүлэг доторх асуудлыг зангидаж, ангийн нөхдөө ил өмөөрч, далд зэмлэдэг. Бүлгээс гарсан "галтай" шийдвэр, гишүүдийн дуулианы талаар ам нээж, МАН-ын дуу хоолой болж ирсэн. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс дутуу үлдсэнийг зүтгүүлсэн. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, ажлын хэсгийг ахлан, энэ хаврын чуулганаар батлуулсан. Энэ хуулиар жагсаалт, сонгуулийн тойрог, мандат, зардал гэхчлэн улс төр тойрсон  маргаантай асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн өнгө төрх, тоглоомын дүрмийг тогтоосон гол авторын нэг нь Д.Тогтохсүрэн байлаа.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
  • 2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2006 онд Алтангадас одон
  • 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Орос

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж