Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2023.07.31-нд нийтлэгдсэн

Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

“Хэдэн адсагнаас болж, хүний аминд хүрэх нь ээ” гэж Цахиур Төмөрийн хэлдэгчлэн жудаггүй бөхчүүдээс болж, Монгол наадмын торгон дэвжээ зодооны талбар болж хувирахад тун ойрхон байна.

Учир юу вэ гэвэл, өнгөрсөн долоо хоногт Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд үзүүр түрүү булаалдахаар Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Өндөр-Ширээт сумын харьяат Улсын начин Д.Хүдэрбулга нар тунатал юу болов оо… Барилдаан эхлээд удаагүй байтал Улсын заан Б.Батмөнхийн уур асав бололтой, учраа бөх рүүгээ дайраад л, ноцоод л … Сүүлдээ бүр тэсрэх шиг, хашгираад л. Унасан атлаа тахимаа ч аятайхан өгчихгүй тохойлдож, наадамчин олны жигшил зэвүүцлийг төрүүлэв.

Бөхчүүдийн яриагаар бол Улсын начин Д.Хүдэрбулга нь Улсын заан Б.Батмөнхийн багш гэх. Багш гэхээрээ шавиа ноцож, хашгирч, цохиж, буулгаж авах ёстой юм болов уу. Гэвч барсангүй, унаж, үзүүрлэсэн. Түүний энэхүү үйлдлийг монголчууд буруушааж, хариуцлага тооцох ёстой гэж шаардаж буй. Одоогоор Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ эл асуудлыг хэлэлцээгүй байна. Гэхдээ иймэрхүү увайгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд эхнээсээ хариуцлага ногдуулаад эхэлжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасныг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хуралдаанаараа долдугаар сарын 28-нд хэлэлцэн, бүх шатны барилдаанд барилдах эрхийг нь гурван жилээр хасаад буй.

Тухайн барилдааны үеэр аймгийн начин М.Балжинням нь өрсөлдөгчийнхөө хөл дээр  гишгэж мэх хийсэн төдийгүй унагасан хойноо нүүр рүү нь цохиж, мөн өшиглөж, тахим авахдаа тохойлдох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

МҮБХ-ноос гаргасан дээрх шийдвэрийг олон нийт дэмжиж байна. Хамгийн гол нь алдаа гаргасан хэн ч хариуцлагаас бултдаггүй байхыг онцолж буй. Нэг ёсны Улсын цолтой бөхчүдээс эхлээд сумын цолтой бөх ч алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь алагчлалагүйгээр хасдаг болохыг шаардаж буй.

Бөх эрийн гурван наадмын нэг боловч спортын нэг төрөл. Барилдах үедээ шатаж болох ч өрсөлдөгчөө цохиж, өшиглөх үйлдэл хэрхэвч гаргаж болохгүй. Уур унтуугаа дарж чадах хэмжээний сэтгэл зүй, ухамсар төлөвшил суугаагүй бол бөх барилдаж, дэвжээгээ ч, наадмаа ч гутаах хэрэггүй шүү дээ. Чимээгүй зодог тайлаад үзэгчийн суудалд шилжсэн нь дээр.

Ийм бүдүүлэг үйлдэл зөвхөн дээрх хоёр бөх дээр л гарсан юм биш. Өнгөрсөн хугацаанд Улсын өндөр цолтой бөхчүүдээс ч өрсөлдөгчөө зоддог увайгүй үйлдэл гарч байв. Тухайлбал, 2019 онд Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох үеэр Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн арслан н.Лхагвадоржийг шидэж, нугаслах шахсан. Олон нийт түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, барилдах эрхийг нь хасахыг шаардсан. Мөн “Аваргын зангараггүй бөх. Амбатны цагаан Жигмэд гэж Н.Батсуурийг хэлнэ” гэж шүүмжилж байсан удаатай. Өнөө жилийн үндэсний их баяр наадмын барилдааны үеэр зургаагийн даваан дээр Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авсан ч барилдааны үндсэн цагтаа хаялцалгүй, хэл амаараа “үзэлцэцгээсэн”. Эцэстээ Улсын Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг цагдаад өгөх юм болж, хэрүүлтэйгээр наадмын дэвжээг орхиж байв.

Энэ мэтчлэн татвал, татах жишээ олон. Гэтэл бусад спортын наадмууд цэвэр өрсөлдөөн дунд болж, ялсандаа ялагдсан нь баяр хүргэж, ялсан нь ялагдсандаа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөдөг. Харин Монголын бөхчүүдэд ийм соёл, ухамсар дутсаар байна.

Ялж сур, ялагдаж сур бөхчүүд ээ. Чадахгүй бол бөхийн торгон дэвжээг орхиж сурдаг болмоор байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж