Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг хүчирхийлдэг байж болзошгүй гэх хэрэг гарсан. Хэргийг хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн байгууллагууд шалгаж буй. Тухайн асуудалд хохирсон байж болзошгүй гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд нийт долоон хүүхдийн шүүх шинжилгээний газар дүгнэлт гаргуулахаар хандаж, шинжээч эмчийн дүгнэлт гарсан байдаг.
Тэгвэл Гандантэгчинлэн хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн ламхайг СЭМҮТ-д эмчлэхдээ мансууруулсан байж болзошгүй асуудлаар "Далд хүн" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяр энэ тухай ярихдаа "Гандантэгчинлэн хийхэд гарсан бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг холбогдох төрийн байгууллагууд шалгаж, эцсийн байдлаар хэд хэдэн дүгнэлт гарсан. Мөн хохирогч хүүхдүүдийн сэтгэл санааны байдал хүнд байгаа учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр болсон. Тэгээд Баянгол дүүргийн хүүхдийн байцаагч, сэтгэл зүйч хамтран СЭМҮТ-д хэвтүүлсэн. Тухайн үед хүүхдэд эм тарианы эмчилгээ хийхгүй гэдгийг хэлсэн. Гэвч хүүхдэд эмэн эмчилгээ хийснийг ээж нь мэдсэн. Хүүтэйгээ уулзах гэж очиход сувилагч нь "Хүүхэд унтаж байна" гээд уулзуулаагүй. Ээж нь "Хүүхдээ хармаар байна" гэж хэлээд эмч сувилагч нартай маргалдаж, БЗД-ийн цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Хохирогч хүүгийн ээж давхар хохирч, хөл нь гэмтэн цус алдсан.
Мөрдөн байцаах ажиллагааны үйл явцад хүүхэд хөнжил дээр шээсэн гэдэг дүгнэлт шээгээгүй гэж гарсан байна. Бид дахин шалгуулахаар өгсөн. Хохирогч хүүхдэд халдсан хоёр хүүхдийг яллагдагчаар татсан гэдэг мэдээллийг өгье.
Төрийн байгууллага ямар ч хяналт тавьж, хамгаалж чадахгүй байна. Түр хамгаалах байранд хүүхэд давхар сэтгэл зүйгээр хямарч байсан учраас гэртээ гарсан. Цаашдаа ээж төрийн хамгаалалтад орохыг хүсч байна" гэсэн юм.
Гандантэгчэнлин хийдийн зүгээс ламхай нар хүчирхийлэлд өртсөн хэргийн талаар зургадугаар сард /2023.06.23/ мэдээлэл хийх үеэр МБШТГТХ-ийн Гандан телевизийн захирал Ж.Одгарьд тайлбарлахдаа "Хэрэг гарсан байж болзошгүй асуудлыг өндөр түвшинд шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч бид яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарах хүртэл хүлээцтэй хандахыг та бүхнээс хүсч байна. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн.
Хэрэг хянан шалгагдах явцад тодорхой мэдээллийг нийтэд нээлттэй өгөх боломжгүй.
Гэтэл сүүлийн үед асуудлыг нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээс хэтэрч байна. Удаа дараа энэ асуудал болж байсан байна гэхчлэн мэдээлэл гарч байгаа нь харамсалтай. Бурхан шашны төв, соёлын нэгж рүү цахимаар халдаж байгаа нь буруу. Тиймээс энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөхөөр болсон байгаа. Бид нэр төрөө өмгөөлөх гэж суугаагүй бөгөөд хүүхдийн эрхийн асуудлыг чухалчилж байгааг ойлгоосой" гэдгийг хэлж байв.