
Ардчилсан намын рейтинг сүүлийн үед орон нутагт чамгүй өсч байгаа сурагтай. Ялангуяа орон нутгийн эрх мэдлийг авсан аймгуудад рейтинг өндөр үзүүлэлттэй яваагийн нэг нь Завхан гэнэ. Тус аймаг 74 мянган хүн амтай, хүн амынхаа тоогоор улсдаа дээгүүрт ордог. 2008 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн гурван хүнийг УИХ-д сонгосон ч орон нутгийн сонгуулиар завханчууд ардчиллын төлөө саналаа өгсөнөөр аймгийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав томилогдож, эдүгээ хоёр жилийг ардаа хийжээ. Энэ хугацаанд аймаг, орон нутгийн нүүр царай өнгө засч, иргэд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдан дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажилласны хүчинд иргэдийнх нь ахуй амьдрал ч дэгжин дээшилсэн тухай нутгийн иргэд ярьж байна. Мөн аймаг орон нутгийн хувьд ч бие дааж хөгжих тал дээр анхаарч, хөлөө олж эхэлсэн тухай баруун бүсийн чуулга уулзалтын үеэр иргэд ам булаалдан хөөрөлдсөн юм.
Г.Дарь