Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдахаар Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Монгол Улсын заан Д.Анар тэргүүтэй бөхчүүд Говь-Алтай аймагт очжээ.
Өнөө жил таван ч аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаагаас дөрөв нь баяраа тэмдэглэсэн бол Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадам маргааш эхлэх юм. Түүхт ойн хүрээнд Говь-Алтай аймагт олон бүтээн байгуулалт хийгдсэний нэг нь Хантайшир спорт цогцолбор юм. Уг спорт цогцолборыг Харумофүжи Д.Бямбадоржийн санаачлагаар, алтайчууд хандив өргөснөөр бүтээн байгуулсан юм. Барилгын шавыг 2021 онд тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв.
Цогцолборыг нээх үеэр Японы мэргэжлийн сумогийн их аварга, Харумофүжи Д.Бямбадорж “Хантайшир дэвжээний зорилго бол суралцагчдадаа биеийн боловсролоос гадна сэтгэл зүйн боловсрол зөв үгтэй, зөв үйлдэлтэй, хүндэлж, талархаж чаддаг, би гэхээсээ илүү бид гэсэн сэтгэлгээтэй хүүхдүүд сургахаар зорьж байна. Мөн Хантайшир төвөөс тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах Монгол Улсын аваргуудыг хөгжүүлэн, хүмүүжүүлэн гаргахаа амлаж байна” гэсэн юм.