"Зуны амралтаараа ажиллаад, төлбөрийнхөө 70 хувийг олдог"

Хуучирсан мэдээ: 2023.07.31-нд нийтлэгдсэн

"Зуны амралтаараа ажиллаад, төлбөрийнхөө 70 хувийг олдог"

"Зуны амралтаараа ажиллаад, төлбөрийнхөө 70 хувийг олдог"

Оюутан залуус зуны амралтаараа "GS-25" сүлжээ дэлгүүрт ажиллаж, өөрийнхөө сургалтын төлбөр болон хэрэглээнийхээ мөнгийг олж байна. Тэдний нэг  Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн ангийн гуравдугаар дамжааны оюутан Д.Тэмүүлэнг онцолж байна. Түүний хувьд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхаасаа ажил хийж, гэр бүлдээ  тус нэмэр болохыг хичээдэг байсан тухайгаа ярьсан юм.


-Анх сүлжээ дэлгүүрт ажилд орохдоо сандарч байв уу?

-Эхний өдөр л  маш их сандарсан. Би яг цайны цагаар гарч таарсан болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их гарсан. Тухайн үед жаахан амаргүй л санагдаж байлаа. Хүмүүс хоол их захиалаад, бүх зүйлийг нь сайн мэдэхгүй болохоор буруу зөрүү өгчих гээд хэсэг будилсан шүү.

Сүлжээ дэлгүүрт ажиллавал биед арай амар байх болов уу гэж бодсон. Хар ажлыг бодоход одоо хийж байгаа ажил маань харьцангуй хөнгөн. Цагийн уян хатан нөхцөлтэй. Тэгсэн мөртлөө цалин нь ч боломжийн санагдсан. Цагийн хуваарийн хувьд  өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжтэй. Өглөөний ээлж 07:40-16:30 хүртэл, өдрийн ээлж 15:15-23:45 хүртэл, орой ээлж нь 23:45-08:00 хүртэлх гэсэн цагийн хуваарийн дагуу ажилладаг.

-Өмнө нь ямар нэгэн ажил хийж байсан уу?

-Би өмнө нь нэг, хоёр ажил хийж үзэж байсан. Хамгийн анх вакум цонхны үйлдвэрт ажилласан. Дараа нь "Номин" худалдааны дэлгүүрт бас ажиллаж байлаа. Би долдугаар сарын 5-наас анх "GS-25" сүлжээ дэлгүүрт ажилд орсон. Одоогоор сар гаруй хугацаа болсон байна.

-Өмнөх ажилтай нь харьцуулахад хэр ачаалалтай байна?

-Өмнөх ажилтай минь харьцуулахад хамаагүй амар санагдсан. Хар ажил чинь бас хэр баргийн хүний хийдэг ажил биш. Их хүнд. Харин "GS-25", "CU" гэх мэт франчайс сүлжээ дэлгүүрт ажиллахын нэг давуу тал нь цэвэрхэн орчинд ажиллах юм даа. Харин оройны ээлжинд гарах хэцүү. Миний хувьд орой ажиллаж сураагүй болохоор амаргүй байсан. Дандаа өдрийн цагаар ажиллаж байсан болохоор.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай яриач?

-Миний хувьд их сургуулиа амжилттай төгсөхийг л хүсч байна. Дараагаар нь мэргэжлээрээ ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах. Би багаасааа шүүгч болохыг мөрөөддөг байсан. Тийм болохоор энэ зорилгодоо заавал хүрнэ дээ.

-Яагаад заавал шүүгч гэж?

-Дунд ангийн сурагч байсан байх. Одоо бодох нь нэг шүүгчийн тухай өгүүлсэн кино үзэж байсан юм. Тухайн үед "Шүүгч нь ямар гоё хувцастай юм бэ" гэж бодоод л өнгөрсөн. Дараагаар нь мэргэжлээ сонгох болоход шүүгч гэж яг ямар мэргэжил байдаг, ямар ажил хийдэг талаар судалж эхэлсэн. Энэ мэргэжил миний хүсэл сонирхолд 100 хувь нийцэж байсан болохоор сонгон суралцаж буй. Энэ сонголтондоо хэзээ ч харамсч байгаагүй. Би яг л зөв мэргэжлээ сонгосон гэж боддог.

-Саяхан сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй худалдагчийг харааж, биед нь гар хүрсэн бичлэг цацагдсан. Ер нь олон хүнтэй харилцахад ямар хүндрэл гарч байна?

-Заримдаа хоёр гурваараа ч орж ирнэ. “Мөнгөө шидлэн, картаа өөдөөс шидэж өгнө. Чи наадхаа биччих. Би дараа орж ирээд мөнгийг нь өгье” гэх мэт эвгүй зан ааш гаргадаг хүмүүстэй цөөнгүй таарна. Тэгээд л ер нь хэцүү шүү дээ. Тийм харилцаатай хүмүүс надад маш ядаргаатай санагддаг. Бусдаараа бол дажгүй ээ. Нэг үеэ бодвол хүмүүсийн харилцаа арай гайгүй болчихсон юм шиг санагддаг.

Миний хувьд асуудалд аль болохоор тайван хандаж, иргэдэд хурдан үйлчлэхийг хичээдэг.

Энэ мэт тохиолдол өдөрт 2-3 удаа бол заавал гардаг. Ялангуяа оройн ээлжинд гарах үед ийм зүйлтэй их таарна. "GS-25" сүлжээ дэлгүүрийн энэ салбарт алкохолны төрлийн юм зардаггүй. Ядаж байхад манай ойр хавьд их баар цэнгээний газар их байдаг.  Тийм болохоор хүмүүс "Ийм архи байна уу, тийм пиво байна уу" гэж их асууж орж ирнэ. "Уучлаарай байхгүй" гэхээр яахаараа байдаггүй юм гээд уурладаг. Оройны ээжинд нь тиймэрхүү хүмүүстэй их таарна.

Жижиг сажиг бараа ихтэй болохоор тэрийгээ хулгайд алдахаас их эмээдэг. Миний хувьд хулгайд алдах дөхсөн нэг тохиолдол гарч байсан. Нэг халамцуу ах орж ирээд сууж байхдаа чихэр халаасалж байсан. Тэрийг нь хоёр залуу харж, надад хэлсэн.  Тэд над дээр ирээд "Урд сууж байсан ах сая нэг юм халаасандаа хийсэн. Дэлгүүрээс хүмүүсийг гарахаар нь хэлчих үү. Олон хүн байхад хэлчихвэл өөрт нь эвгүй  санагдах байх" гэсэн.  Маш зөв хандлагатай залуус санагдсан.

-Зуны амралтаараа өөр ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн зүйл байгаа  юу?

-Ихэвчлэн хувийн ажлуудаа амжуулж байна. Орой ээлжинд гарсан тохиолдолд нойроо авах ёстой цагтаа авахгүй болохоор заримдаа өдрийн тал унтчихдаг. Өглөө, өдөр гарсан тохиолдолд зарим ажлуудаа амжуулж байна.

-Анхны цалингаараа хийхээр төлөвлөсөн ямар нэгэн сонирхолтой зүйл байгаа юу?

-Бүртгэл маань хийгдээгүй болохоор хараахан цалингаа аваагүй л байна. Гэхдээ өнөө маргаашгүй орох байх. Цалингаа аваад эхний ээлжинд хоол иднэ гэж бодож байгаа. Дэлгүүрт ажилладаг болохоороо ч тэр үү нүдэнд байнга идэх юм харагдана. Хүссэн зүйлээ идэж чадахгүй байх мэдрэмж муухай. Юу ч гэсэн цалин авахаараа дэлгүүрээсээ юм авч иднэ.  Дараагаар нь хэрэглээндээ зарцуулаад үлдэгдлийг нь төлбөртөө хадгална. Өнгөрсөн жил гурван сар ажиллаад төлбөрийнхөө 70-аад хувийг олсон. Энэ жил бас сургалтын төлбөртөө л нэмэрлэх байх.

Анхны цалингаа авчихаад гэртээ чихэр, жимс бариад орох шиг сайхан мэдрэмж байдаггүй байх. Ичээд байх зүйл ер байдаггүй. Өөрсдөө мөнгө олж байна. Тэр тал дээр нэг их санаа зовдоггүй.  Ээж маань "Миний хүү том болж дээ" л гэж хэлэхийг сонсоод, маш их урам авдаг.

-Хичээлийнхээ хажуугаар ажиллаж байсан уу, Тэр үед нойр хоолоо хэрхэн яаж зохицуулдаг байсан бэ?

-Анх оюутан болоод нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа зөөгчөөр ажиллаж байсан. Хичээл ихтэй байсан болохоор нэг их удаагүй хэдхэн сар л ажилласан. Гэхдээ ер нь хуулийн салбарын хичээл нэлээд хүнд байдаг. Тэгсэн ч гэсэн хажуугаар нь оройн цагаар ажил хийх гэж үзсэн. Нэлээд тэвчээр, хатуужил шаардсан. Тэр үед багагүй ачаалалтай байсан. Тэгээд хэдэн сар ажиллаж байгаад больсон. Хичээлээ самгардуулах вий гэхээс их айсан. Өдөрт 2-3 цагийн нойртой л явдаг байсан. Тэр үедээ бас их зүйлийг сурч, туршлага олж авсан гэх юм уу.

-Анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ, цалин авах мэдрэмж ямархуу санагдсан бэ?

-Хамгийн анх таньдаг ахынхаа ачаанд хамт явж, ачигч хийж байсан. Хэдэн төгрөгийн цалин авснаа сайн санахгүй байна. Ямартай ч долоо хоног ажиллаад цалин авч байсан. Өөрийнхөө хүчээр мөнгө олох маш сайхан санагдаж байсан. Амаргүй хэрнээ нэг тийм гоё мэдрэмж төрдөг л юм байна лээ. Өөрөө хөдөлмөрлөөд өөрийнхөө хөлс хүч хөдөлмөрөөрөө мөнгө олохоор зарцуулахад хүртэл хайран санагддаг юм билээ.

-Гэр бүлийнхэн нь ажил хийхийг нь хэр дэмждэг вэ?

-Миний хүү "Их ядарч болохгүй шүү" гэж хэлдэг. Бас "Хүү минь мундаг шүү. Хоол ундаа сайн идээрэй. Орой ажилдаа явахдаа болгоомжтой яваарай" гэж захина.

-Шантармаар үе гардаг байх. Энэ тохиолдол хаанаас урам зориг авдаг вэ?

-Ер нь заримдаа “Больдог ч юм уу" гэж бодно. Шантрах үе мэр сэр гардаг. Орой гарах үед нойр сайн авч чадахгүй ядралттай үед л тэгж бодогддог. Маргааш нь гайгүй шүү. Хүн хэцүү гэж бодоод байвал хэцүү л санагддаг юм байна лээ. "Би ч чадна" гээд бодчихвол хурдан сурчихдаг. Хүний сэтгэл зүйгээс их хамаардаг юм шиг санагдсан. Тухайн хүн хэцүү гээд бодчихвол тэгээд л бүх зүйл нь ядаргаатай, төвөгтэй хэцүү санагдана. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс маань тусалж дэмждэг байсан болохоор ажлаа хурдан сурчихсан.

-Хэлэх дуртай үг?

-"Өчигдөр бол түүх, өнөөдөр бол бэлэг. Харин маргааш бол ирээдүй" гэж хэлэх дуртай. Маргаашдаа хичээвэл бүх зүйл сайхан болно доо. Тэр үг л хамгийн гоё санагддаг.

-Ажил хийгээд хэрэглээгээ хэр хангаж чаддаг вэ?

-Эцэг, эх  маань зарим зүйл дээр тусалж дэмжиж өгнө. Гэр бүлдээ 20-30 хувийг нь, үлдсэнийг нь өөртөө зарцуулпаг. Ер нь бол хөдөлмөрлөж олсон мөнгөө хэр зөв төлөвлөж зарцуулахаасаа шалтгаалдаг.

-Сүлжээ дэлгүүрт ажиллахын давуу тал юу вэ?

-Хүнтэй харилцаж сурдаг юм байна лээ. Би чинь аягүй дотогшоогоо хүн. Хүмүүс байнга орж ирээд юм асуудаг учраас тэр болгонд нь хариулах ёстой. Тэгээд нэг л мэдсэн хэл зүгшрээд дасчихсан байсан.

-Үеийнхээ залуусдаа хандаад юу гэж хэлмээр байна.

-Улам их хичээрэй. Гэхдээ орчин үеийн залуус маш их хөдөлмөрч болсон юм шиг санагддаг. Би сая ажилд орох гэж их удсан. Эхний сар манай сургууль дадлага хийлгэсэн болохоор нэг сар дадлагаа хийчээд ажил хайхад олдохгүй байсан. Оюутнууд бүгд амарчихсан болохоор ихэнх байгууллага хүнээ авчихсан гэдэг хариулт хэлж байсан. Тийм болохоор өөр өөрсдийнхөө төлөө хичээх хэрэгтэй шүү.

-Бидэнд цаг зав гарган  ярилцсанд баярлалаа

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглан гэр бүл, найз нөхөд хайртай дотны бүх хүмүүстээ намайг тусалж дэмждэгт баярладаг гэдгээ хэлье.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж