Вьетнам зураачдын "Өмнөдийн салхи" уран зургийн үзэсгэлэн өчигдөр /2023.07.30/ "Монгол арт" галерейд нээлтээ хийлээ. БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Asia Art Link, Mongol Art Gallery хамтран “Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг” хэмээх Вьетнамын уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.
Энэ үзэсгэлэнд дүрслэх урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ха Ной, Хай Фонг, Хо Ши Минь хотын 16 зураачдын уран зураг, график урлагийн 50 орчим бүтээлүүдийг олон нийтэд толилуулж байна.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Зоан Хань Дам үг хэлэхдээ "Энэхүү үзэсгэлэн нь 2024 онд Вьетнам-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ойг угтсан маш ач холбогдолтой үйл явдал болж байна гэж хэлж болно. Хоёр орны улс төр, худалдаа эдийн засгийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа, соёлын харилцаа нь нийт харилцаанд томоохон байр суурь эзэлдэг билээ. Энэ удаагийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд дотоод, гадаадад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ олон удаа гаргаж байсан, олон төрлийн хэв маягаар уран бүтээлээ туурвидаг, өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө аясыг бий болгож дотооддоо болон бүс нутагтаа танигдсан, үе үеийн уран бүтээлчдийн төлөөлөл багтсан болно.
Үзэсгэлэн нь уран бүтээлчдийн Вьетнамаас авчирсан бүтээлүүдийг толилуулахаас гадна, ойрын өдрүүдэд Монголын орноор аялангаа үзэсгэлэнт сайхан Монгол орныг Вьетнам зураачийн нүдээр буулган шинээр бүтээсэн бүтээлүүдийг дэлгэн харуулж байгаагаараа онцлогтой болж байна.
Үзэсгэлэнг зохион байгуулахад гүнээ дэмжлэг туслалцаа үзүүлэн, чин сэтгэлээсээ хамтран ажилласан "Asia Art Link", Монгол Улсын Гадаад харилцааны яам, "Mongol Art Gallery", аж ахуйн нэгж, Монгол, Вьетнам анд нөхөддөө БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс баярласан талархсанаа дахин илэрхийлье" гэсэн юм.
Хугацаа: 7/29 – 8/02-ны өдрүүдэд Mongol Art Gallery-н II-p давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Уран зурагт дуртай үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.