Наадмын дараа махны үнэ харьцангуй буудаг. Наадмын үеэр шөлний хонины эрэлт хэрэгцээ нэмэгддэг бөгөөд доод тал нь 200 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Эмээлт” захад бог мал шүднээсээ хамаараад 150-380 мянган төгрөгийн үнэтэй. Иргэдийн худалдан авах чадвар цар тахлын жилүүдтэй харьцуулахад сайн хэдий ч малын үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжлэв.
ИРГЭД АМЬД МАЛ АВАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
“Эмээлт” захад хонь 200-380 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол ямаа 150-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил малын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн гэдгийг иргэд хэлж байна.
Малчдын хувьд баяр наадмын өдрүүдэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг. Гэсэн хэдий ч малаа зарж борлуулахын тулд дийлэнх тохиолдолд зах зээлийн ханшаас бага үнээр ченжүүдэд өгдөг. Энэ нь мөн махны үнэ өсөх нэг шалтгаан болж байгааг малчид хэлэв. Иймд төрөөс бодлогоор дэмжиж махыг экспортод гаргах шаардлагатайг хэлж байна. Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд хонь наснаасаа хамаараад 110-250 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн иргэд жижиглэн худалдааны мах авахаас илүүтэй амьд мал авах нь эрсдэлгүй эрүүл гэж үзэж байгаа аж.
Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ агаар салхинд, гэртээ хорхогны шөлөө бэлдэхээр “Эмээлт”-д саатсан иргэдийн хэлж байгаа тооцсоноос үнэтэй тусч байгааг шүүмжилж байв.
Иргэн Л.Баярчулуун “Хонь үнэтэй байна. Уг нь 200 мянган төгрөгт багтаан хонь авъя гэж бодсон ч 250 мянга боллоо. Тарган сайхан хонь болохоор нь гар татсангүй. Амралтын өдөр гэр бүлээрээ агаарлангаа шинэ шөл уух гэж явна” гэлээ. Мөн иргэн Б.Тулга 170 мянган төгрөгөөр хонь авахаар төлөвлөсөн ч 240 мянган төгрөгөөр худалдан авчээ. Түүний хувьд гэртээ хонио муулах тул амьдаар нь ачиж яваагаа хэлж байсан юм.
НАЙМДУГААР САРД МАХНЫ ҮНЭ "УНАНА" ГЭВ
Амьд малын үнэ ханшийн талаар малчдаас тодруулбал иргэн Б.Пүрэвдорж “Хүмүүс хонь авахаасаа илүү үнэ, тарга тэвээргийг нь сонирхож байна. Аль болох хямд үнээр л хонь авах сонирхолтой хүмүүс байна. Гэхдээ бид килограмм махны үнэ ханшаар тооцож л зарна. Жишээ нь, мах кг нь 15000 төгрөг гэж тооцвол төлөг 150 мянга болно. Хэрэв 13 кг бол 130000, 20 кг болбол 200 мянган төгрөгийн ханштай байна. Би Өвөрхангай аймгаас мал оруулж ирдэг. Гэхдээ цаг уурын нөхцөл байдлаас хамаарч үнэ хэлбэлдэг . Намар мал тарган байх үед авах нь ховор, түүхий эд бэлтгэгчид үнийг байнга тогтоодог” гэв.
Мөн худалдаачдын зүгээс махны үнэ ирэх наймдугаар сард нэлээд буух байх. Малчид хүүхдийнхээ сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлд малаа зарах нь бий.
Ер нь хүмүүс хонио төхөөрүүлээд, аваад явах сонирхол их байна. Хотод худалдааны төвүүдэд ченжүүдийн гар дамжихаар үнэ нь нэмэгдэх нь гарцаагүй. Бид нар хэдэн жилийн өмнө л энэ үнээрээ өгч байсан. Одоо ч хэвээрээ байна.
“Эмээлт” захад хонь муулах цэгийн гадна шар тор барьсан хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Амьдаар нь ачиж явахаас илүү саяхан авсан хонио хоёр тор мах болгоод авч яваа хүн олон. Хонио зарсан ченжүүд тэргэн дээр хоёр, гурваар нь түрсээр мал муулах цэг рүү орох нь бас нүд халтирмаар. Иргэд хонио өөрсдөө муулж, гэдсээ цэвэрлэдэг монгол ахуй уламжлал өнөө цагт алдагдсан гэхэд хилсдэхгүй.
Мал муулах цэгт ажилладаг иргэн Г.Очир “Амралтын өдрүүдээр наадам шиг л байдаг. Хөл хөдөлгөөн ихтэй. Хүмүүс хонь гаргаж чадахгүй, мэддэг нь ховордсон. Жилээс жилд хонио авчхаад муулуулдаг хүмүүс их болсон” гэв. Залуусын хувьд хонь муулж чадахгүй нь их. Гэдэс цэвэрлэдэг нь ч ховор аж. Ахмадууд нь мал мууллаа ч хүүхэд айх вий хэмээн болгоомжлохдоо ийнхүү зах дээр муулуулж, цэвэрлүүлэх нь илүү хялбар гэдгийг хэлж байсан юм. Дээр нь хонио өөрсдөө гаргаж, цэвэрлэх нь ажиллагаатай, хагас өдрийг бардаг тул иргэдийн хувьд хонио авсан даруйдаа гаргуулдаг болсон. Үнийн хувьд өнгөрсөн жил 20 мянган төгрөг байсан бол энэ жил 30 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. “Эмээлт” захад хонь зарах, төхөөрч цэвэрлэхээс авахуулаад хуйхалж, хорхог боодог хийхэд бэлдэх хүртэл бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Бүтэн хонь хуйхлуулж, угааж цэвэрлүүлэхэд 50 мянган төгрөгийн үнэтэй аж.
Холбоотой мэдээ