Цахим хуудаст Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг буюу шинэ "Хүүхдийн эмнэлэг"-ийг нурааж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, 2017 оны аравдугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулсан ч таван жилийн дараа нураах шийдвэр гаргасан талаар иргэд зурагтай нь нийтэлж буй. Тус эмнэлгийн тухайд улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр, “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд байгуулсан.
Цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийн талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал "Хүүхдийн эмнэлгийг ердөө ч нураахгүй. Иргэдэд буруу мэдээлэл өгсөн бололтой. Уг эмнэлгийг одоогийн Шадар сайд С. Амарсайхан БНХАУ-ын олон улсын байгууллагад хүсэлт гарган бариулсан. Тухайн үед хүүхдийн өвчлөл их, хүүхдүүд газраар болон коридороор хэвтдэг байсан үе. Бүрэн тоног төхөөрөмжтэй нь улсаас нэг ч төгрөгний зардал гаргаагүй бариулсан.
Хүүхдийн эмнэлэг маань 2017 оны аравдугаар сард ашиглалтанд орсон шинэ эмнэлэг. Тиймээс нураах биш илүү зөв хөгжүүлэх зорилгоор менежмент хийж байгаа хэрэг.
Харин ид томуугийн үед хүүхдийн өвчлөл ихсэхээр бид нэгдсэн эмнэлэг рүү, дотор луу ор дэлгэдэг. Энэ үед хүүхдийн сувилагч эмч нар хүрэлцэхгүй хүч тарамдан тусламж чанаргүй болж, эмч сувилагчид хоёр тийш гүйж ачаалал ихэсдэг. Гэсэн ч хүүхдийн тасгаа, эмнэлгээ нураахгүй. Дотрын тасагтай ч нэгтгэхгүй.
Байгууллага засвар хийх үү, тасгуудаа өөрчлөх үү, шинэчлэх үү гэх тухайд дотооддоо шийдэх, бүр тухайлбал тасгийн эрхлэгч ахлах, эмч ажилчид, удирдлагын зөвлөл шийдэх асуудал. Иргэдэд яавал тухтай, ээлтэй орчин бүрдэх вэ гэдэг менежмэнтийн асуудал. Тэгж ч ярьж шийдсэн зүйл.
Мэс заслын тухайд хойд нэгдсэн эмнэлэгтээ эмчилгээний тасгуудаа нэгтгээд, мэс заслуудаа тусад нь байрлуулах гэсэн хэрэг. Ирэх есдүгээр сарын сүүлээр хагалгааны дуран ирнэ. Түүнийг байрлуулах тусгай орчин бас бидэнд хэрэгтэй. Гэмтлийн хагалгааны нэр төрөл ихэсч, насанд хүрэгсдийн яаралтай тусламж амралт болон баярын өдрүүдэд нэмэгддэг. Тэр хэмжээгээр бухимдал болдог. Иймээс гэмтлийн болон мэсийн хүлээн авахыг тусад нь гаргах зайлшгүй шаардлага хэрэгтэй гэж ярилцаж шийдээд гаргасан шийдвэр нь нийгмийн сүлжээнд хэн нэг хүний турхиралтаар яригдах биш харин эргээд дотооддоо хоорондоо ярих ёстой байсан байх. Буруу шийд бол эргэж ярилцаад өөрчилж болно. Харин ярилцаж ярилцчихаад шийдвэр гаргасны дараа гэнэт иргэдэд буруу ойлголт өгч болохгүй. Нэг удаа яриад л шийдсэн асуудал бол биш, нэг хүний ч шийд биш гэдгийг иргэддээ, эцэг эхчүүддээ, ажилчиддаа зөв ойлгуулан хэлэх байж. 3-4 сар ярьж тооцож гаргасан шийдвэр. Тэнд хүүхдийн мэс засал ч хөгжинө. Бөөр шээсний зам, бүдүүн гэдэс-хошного шулуун гэдэс, хавдрын мэс заслуудыг хийгээд эхэллээ. Одоо эрчимт эмчилгээ сэхээнийг томсгож чадавхжуулах нь бидний үүрэг.
Санхүүжилт хүрэхгүй, гүйцэтгэл бага энэ хүнд үед өөрсдөөс хөрөнгө гарган аль болох хурдан хугацаанд хийхийг хичээж байна.
Ийм байдлаар хөнгөвчлөх, сэргээн засах уламжлалт, молекул- биологийн болон эмгэг нярайн, эрт илрүүлгийн тасгуудыг сүүлийн жилүүдэд байгуулаад байгаа. Хэдийгээр хэн бүхэн хардах эрхтэй ч мөнгө угаасан зүйл байхгүй. Тухай бүр аудит орж, авилгатай тэмцэх газарт бас л иймэрхүү хардах эрхтэй хүмүүсийн хардалтаар олон удаа шалгуулж байгаа ч одоогоор идсэн уусан зүйл гараагүй, зөрчилтэй дүгнэлт аваагүй байна. Эдгээр тасаг нэгж, ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа болохоос төсвөөс нэг төгрөг ч аваагүй л дээ. Харин төсөвтэй байх үед гадна тохижилт, фасад, дээвэр, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, дотоод засваруудыг хийж бүх тасгууд засагдсан байна. Гэхдээ төсөв нь ЭМЯ, нийслэл, дүүргээм гарч тендер нь тухайн газруудад зарлагдсан төдийгүй манай байгууллагын дансаар нэг төгрөг нь ч дамжаагүй болно. Одоо бол эмнэлэгт ердөө ч төсөв гэж байхгүй, бүгдийг гүйцэтгэлээр хийж байгаа" гэлээ.