БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн нар Увс нуурын хамгаалалт, хог хаягдал ариун цэврийн байгууламжтай танилцлаа.
Тус нуурт жил бүр тавдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 1-ны хооронд 10 мянга орчим жуулчин зорин ирдэг ба 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай ОТОГЛОХ ЦЭГ ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тус газарт нэг тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн хоёр байгууламж байдаг ба тогтмол цэвэрлэгээ хийж, жуулчдын тав тухыг ханган ажиллаж байна.
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441223 га талбай, Цагаан шувуут уулын дархан цаазат газар 33304 га талбай, Түргэн уулын дархан цаазат газар 130273 га талбай, “Ачит нуур-дэвэлийн арал” нуурын байгалийн цогцолборт газар 211552 га талбай, Тэсийн голын байгалийн нөөц газар 103000 га талбай, Мөнгөтцахир байгалийн дурсгалт газар 603000 га талбайг 28 ажилтан, байгаль хамгаалагч хариуцан ажиллаж байна.
Сонирхуулахад, Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.
Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгадаг ба нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг.
0