Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь өнгөрсөн тавдугаар сард чөлөөлсөн. ХӨСҮТ-өөс тавдугаар сарын 17-нд энэ талаар тодруулахад "Ц.Билэгтсайханыг чөлөөлсөн нь үнэн. Бусад холбогдох учир шалтгааныг Эрүүл мэндийн сайдаас тодруулах нь зүйтэй" гэдэг хариултыг өгч байв.
Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгэээр сарын 9-нд томилж байсан. Харин түүнийг ажлаас нь чөлөөлөөд гурван сар болох гэж байхад тус албан тушаалд мэргэжилтэн томилохгүй байгаа нь сонин.
Одоогоор тус албан тушаалыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа хавсран гүйцэтгэж байгаа бөгөөд хэзээ томилгоо хийх нь тодорхойгүй байгаа аж.
Тус томилгоог Эрүүл мэндийн яамнаас хийх боловч одоог хүртэл албан тайлбар өгөөгүй байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сард /2023.06.28/ Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөөгүй бөгөөд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын томилгоог ирэх есдүгээр сараас өмнө хийх эсэх нь анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ