Отгонтэнгэр уулынхаа хормойд завханчууд 100 жилийнхээ ойг сэтгэл дүүрэн тэмдэглэн, хуучлах сонин ихтэйгээр ирэх 100 жилийнхээ түүхийг бичиж эхэллээ.
Түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд зориулсан хаалтын үдшийн шоуг өчигдөр /2023.07.28/ төв талбайдаа зохион байгуулж, амьд хөгжмийн аянд бут авлаа. Энэхүү үдшийн шоунд Завхан аймгаас гаралтай уран бүтээлчид уригдаж, доргиов. Домогт “Харанга”, “Хурд” хамтлагууд, мөн дуучин Т.Наран, дуучин И.Мишээл нар ая дуугаа өргөлөө.
“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай, гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш нар Завхан аймгийн гаралтай аж. Ах дүүсийн хамтлаг хэмээгддэг “Хурд” –ынхны ээж Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат юм байна.
Дуулсан дуу бүхэн нь зүрхэнд хүрч, ухаарал, омогшил бүхнийг төрүүлж байдаг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Лхагвасүрэн “Монгол ээж”, “Намрын өнгө” зэрэг дуугаар мэндчилсэн бол поп дива дуучин С.Наран “Дэндүү сайхан залуу нас”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал” зэрэг дуугаа дуулж залуусаа доргиолоо.
Үдшийн цэнгүүнийг нээж, Завхан аймгийн Засаг дарга Ц.Өнөрбаяр үг хэлэх үеэрээ “Морь маргаангүй, бөх будилаангүй, сур, шагай цэгцтэй завханчууд та бид дүүрэн сайхан наадаж байна. Өнөө оройны үдшийн цэнгүүнийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж ах маань ивээн тэтгэж, энэ сайхан шоуг хийх боломж олгосныг дуулгахад таатай байна. Ирэх 100 жилийн түүхийг та бид, та бидний үр хүүхдүүд бичнэ. Залуучууд та бүхэн маань сайхан цэнгээрэй, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.
Г.ХОРОЛ