Дээлтэй бүхэн барилдаж, дэлтэй бүхэн хүлэгээ уралдуулахыг хүсдэг хойно Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд эр бяр, эрхий мэргэн, шандас хурдаа сорихыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвчиг түүхт 100 жилийн наадам нь хурган дарга, хуудуутай хөлийн цэцийн шийдвэрээс болж, будилсаар хайран сайхан цэнгэлийг яйран болгож, өглөө.
Шударга ёс нэхэж, цуцалтгүй тэмцдэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, олимпизм, спорт хариуцсан сайд нарыгаа бүлтэлзтэл суулгаж байгаад их насны морины уралдаанд хол тасархай түрүүлж хурдалсан морийг хасч, хүчит бөхийн барилдааны гурвын даваанд нутгийнх нь бөх Р.Алтаннанаранг өвдөг шороодуулсан Улсын гарьд Ц.Бямба-Отгоныг унасанд тооцож, өсвөрийн сурын харваанд сэц мэргэнээ сорьж түрүүлсэн охиныг шагналт байраас нь хасч, уйлуулав. Мөн бөх зүрх, мөн их шунал шүү.
Ус голоор нэг шуугиж байна гэдэг шиг Хэнтийн наадам будилаантай, булхайтай болсон тухай улс даяараа амтай бүхэн ярьж, шударга ёс нэхэж, шаардаж байна, зөв. Хэнтий аймгийн уугуул, суугуул иргэд нь ч нүүр хийх газаргүй болсноо нуухгүй ярьж, их насны морины уралдаанаа эргэн харахыг хүсэмжилж буй.
Харин Хэнтий аймгийн Морины комиссын даамлуудынх нь яриагаар бол их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн морийг сэрвээний өндрөөр хасаад, хашаалчихсан байхад хашааг нь эвдээд явуулчихсан. Гарааны зурхайгаас морь эргээд уралдааны замд бараг 5-6 км давхичихсан байхад араас нь явуулсан гэж буй.
Харин уяач Б.Отгонсэлэнгэ "Цагдаагийн хамгаалалттай шүү дээ. Хурдан морины комиссынхон хараад явуулж байгаа. Энэ морьдыг явууллаа гээд даамал нь явуулсан. Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан шалтгаан нь хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машинтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнд нь болдог юм уу, хаашаа юм Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аманд хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Аман хүзүүнд хурдалсан морь сэрвээндээ ордоггүйг уяачид бүгдээрээ мэднэ. Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан. Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол Хурдан морины салбар комисстоо анхаармаар байна. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулж, өөр аймгийн нэртэй морийг хаслаа. Бид 1000 гаруй км зам туулж ирсэн.
Хассан шалтгааныг нь асуухаар Морины комиссын гишүүд нь “Чи танилцуул, чи танилцуул” гээд бие бие рүүгээ чихэж байна. Шударга наадам хийе, шударга уралдаан хийе гэж байгаа бол эхний 10 морийг хэмжих хэрэгтэй шүү дээ. Эхний байрт орсон морьдыг хэмжүүлье гээд би морио аваад ирсэн. Тийм дүрэм байхгүй гээд хэмжилт хийсэнгүй. Ядаж “Ямар үндэслэлээр хассан юм бэ” гэдгийг асуухаар хариулт өгөх хүн байхгүй. Тайлбарлахгүй зугатааж явсаар байгаад орой болгосон” гэж болсон явдлыг тайлбарласан.
Эдгээр тайлбараас хэрвээ морь тэнцээгүй бол хүүхдэд олгосон дугаарыг хураагаад хашаанд оруулах ёстой. Гэтэл түрүүлсэн морины унаач дугаартайгаа байдаг. Энэ тохиолдолд морийг хашаалсан байх уу. Мөн уяачдын тайлбарласнаар хашаалсан морийг цагдаа нар хянаж байдаг тул хойноос тавих боломжгүй. Дээр нь уяачид, наадамчид “Түрүүнд хурдалсан морьдыг бүгдийг хэмжиж, маргааныг таслая” гэдэг санал гаргаад байхад Хэнтий аймгийн морины салбар комисс хүлээн авсангүй вэ. Мөн аман хүзүүнд хурдалсан морь сэрвээний өндрөөр хасагдах ёстой морь байсан. Гэтэл уралдаад аман хүзүүдээд, Б.Отгонсэлэнгийн морийг хассанаар түрүүг авлаа. Хэн, хэн нь хөдөлмөр зарсан. Яагаад хэмжилт хийхгүй гүрийв. Нягтлах ёстой, дахин, дахин шалгах ёстой маргаан яах аргагүй мөн биз.
Харамсалтай нь, гүрийж, гүлдийцгээсээр наадмаа өндөрлүүлэв.
Гэхдээ үйл явдал ингээд дуусахгүй нь бололтой, уяач Б.Отгонсэлэнгэ Хэнтий аймгийн баяр наадмыг зохион байгуулах Морины комиссынхныг хуулийнханд өгч, шалгуулахаар болсон гэх. Ард түмэн ч шалгуулах ёстой гэсэн шаардлага тавьж буй.
Хуультай дүрэмтэй улсад энэ нь зөв. Хэрэв уяач Б.Отгонсэлэнгэ ташаа ярьж, наадамчин олныг буруу мэдээллээр хангасан бол хариуцлагаа хүлээнэ, харин Хэнтий аймгийн Морины комиссынхон хэргээр будилуулсан бол хариуцлагаа хүлээнэ.
Ер нь бол хэн ч өөрийгөө асуудалд оруулж худлаа ярих билээ. Хэрвээ Б.Отгонсэлэнгэ хашаалсан морийг уралдаанд оруулсан бол Хэнтийн цагдаа нар бариад авсан байх биз. Маяактай машинтай цагдаагийн дарга “Хэний нутагт ирснээ хэний нутагт наадаж яваагаа мэдэж байгаа биз” гэж хэлсэн байгаа юм. Хэнтийн хурган дарга нарт хэлэхэд Монгол хүн бүр халхын хавтгай дээр хаана ч очиж морио уралдуулах эрхтэй гэдгийг санаарай.
Ээзэн Чингис хааны өлгий нутагт болсон 100 жилийн ойн их баяр наадам будилаантсанд жирийн ард иргэд нь буруугүй, хэдхэн хурган дарга нарынх нь нутаг ус, жалга довных нь үзлээс болсныг өргөн олон бодолцоорой. Эндээс авах монголчуудын сургамж, үеийн үед санаж сэрж явах ёстой зүйл бол Хэнтийн 100 жилийн наадам шиг будилаантай наадмыг дахин хийхгүй байх…
Г.ХОРОЛ