“Эмнэлгийн барилгыг стандартгүй барьсан гэдэг нь худал”

Хуучирсан мэдээ: 2023.07.29-нд нийтлэгдсэн

“Эмнэлгийн барилгыг стандартгүй барьсан гэдэг нь худал”

NEWS агентлаг энэ долоо хоногт нийгмийн амьдралд өрнөж буй онцлох үйл явдлуудтай холбогдуулж авсан ярилцлага, тодруулгуудаа тоймлон хүргэж байна.


Цамбагарав дахь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл усанд автсаныг стандартгүй барьсантай холбон тайлбарласан. Эл асуудалтай холбогдуулж, уг барилгын ажлыг гүйцэтгэгч "Хөх бүрдний эх" ХХК-ийн ерөнхий захирал Н.Энхтайванаас дээрх мэдээллийг тодрууллаа.


-Танай компанийн хийж гүйцэтгэсэн эмнэлгийн өргөтгөлийн байрыг стандартад нийцээгүй баригдсан талаар мэдээлэл гарлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Цахим хуудаст гарсан мэдээллийг бид уншсан. Бид мэдээлэл гарсан даруйд өчигдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай очиж уулзсан. Нөхцөл байдалтай очиж танилцахад үер бууж, дулааны шугам усаар дүүрсэн. Үүнээс болоод дулааны шугамаар В1 давхар руу болон граж руу ус орсон байна лээ. Зөвхөн эмнэлгийн байр гэлтгүй тэр хавийн бүх байрны В1 давхар руу үерийн ус орсон байсан.

Үнэхээр бидний буруутай үйл ажиллагаанаас болоод эмнэлгийн өргөтгөл барилгад хохирол учирсан бол бид нөхөн төлөх, засварлахад бэлэн байна. Хамгийн гол нь үерийн ус зөвхөн эмнэлгийн барилгад ороогүй. Тэр хавийн болон Улаанбаатарын ихэнх В1 давхар руу орж, зам талбай ч эвдэрч сүйдсэн.

Түүнээс паар хагарч, дулааны шугам задарснаас ус алдсан асуудал үүсээгүй. Тус эмнэлгийн барилга 2022 оны аравдугаар сард ашиглалтад орсон. Улсын төсөвт 2023, 2024 он дээр төсөв нь суугдсан. Ирэх онд тус эмнэлгийн өргөтгөлийн байрны хамгийн сүүлийн санхүүжилтийг авна гэсэн үг.

Угтаа бол цахим хуудас дээр явж байгаа мэдээлэл ташаа. 2019 онд ашиглалтад оруулах ёстой байсан барилгыг гурван жилийн дараа хүлээлгэж өгсөн гэдэг худал. Харин ч 2024 онд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх ёстой байсан барилгын ажлыг бид хоёр жилийн өмнө хийж гүйцэтгэж, бүх холбогдох албаны шалгалтад оруулсны дараа хүлээлгэн өгсөн.

Тус барилгын ажил 2019 онд сууриа тавьж эхэлсэн. Цар тахлын үе таарч, барилгын бараа материалын үнэ хэд дахин өссөн ч манай компани банкнаас зээл авч улсын төсвийн санхүүжилттэй тус барилгын ажлыг 2022 онд дуусгаж өгсөн байгаа.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2663048/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

Л.Чинбат ор үндэслэлгүй гүтгэж байна

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гэвч тэрбээр сүүлийн үед энэ бичлэгийг үгүйсгэх болсон. Тэгвэл хэргийн талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригтой ярилцлаа.


-Л.Чинбат нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дууссан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор хотод ирэв үү?

-Тэгсэн. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ. Миний хувьд өмгөөлөгтэйгөө уулзахаар хотод ирээд байна. Өмгөөлөгч маань өчигдөр Сэлэнгэ аймагт очиж, хэргийн хавтаст хэрэг, прокурорын дүгнэлттэй танилцсан. Одоо эргүүлээд гомдлуудаа гаргана. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат олон тооны адууг гарал үүслийн бичиггүй орон нутаг руу нэвтрүүлэх гэж байсныг буцаасан.

Энэ асуудлаас үүдэн цагдаагийн байгууллага хэрэг нээн шалгаж, намайг хоёр хэрэгт яллагдагчаар татаж, гүтгэсэн. Би өмгөөлөгчтэйгөө гомдол гаргаад явж байна.

Л.Чинбат аймгийн ИТХ-ын хуралд оролцохдоо ор үндэслэлгүй зүйлийг сэтгүүлчдэд ярьж байна. Анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн нутгаар дамжин Цагааннуур сум руу гарал үүслийн бичиггүй олон тооны адуу нэвтрүүлэх гэж байсныг болиулсан. Бид маргааш нь адууг тоолж, машинд мөргүүлсэн гэх хоёр залуу маань ээрч зогссон. Тэгэхэд бид янз бүрийн малын хулгайд хардагдана, адууг тоолъё гээд тоолсон. Дэргэд нь "Гацуурт" компанийн адуучин зогсч байсан. Тухайн үед Л.Чинбат тэнд өөрөө байгаагүй. Олон тооны адууг нь улсын харцага Ө.Даваабаатар "Тoyota Harrier" маркийн машинтай тууж байсан. Бас хоёр гурван адуучин залуустай, унагыг нь цагаан ачааны машин дээр ачсан байсан. Орон нутгийнхан шалгахад гарал үүслийн бичиггүй байсан учраас нэвтрүүлэхгүй гэсэн. Гэтэл нэг их удалгүй Л.Чинбат жийп машинтай гарч ирээд, шууд хөөгөөд эхэлсэн. Тэгэхэд нь би шууд гар утсаараа бичлэг хийсэн юм. Мөн биднийг Л.Чинбат улс даяар хулгайч гэж зарласан. Үүнд бас гомдлоо гаргасан.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2663482/линк рүү нэвтэрч унших боломжтой.

"Хуулийн дагуу төр өөрөө газар олгочихоод бидэн рүү дайраад байж болохгүй”

“S Outlet” дэлгүүрийн В1 давхарт үерийн ус орсны улмаас нэг тэрбум төгрөгийн бараа материалаар хохирчээ. Энэ талаар тус дэлгүүрийн менежер Ч.Мөнхтөрөөс дараах тодруулгыг хүргэж байна.


-Үерийн улмаас нийт хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-Үнэлгээний компаниар тооцоо хийлгэж байна. Урьдчилсан байдлаар 800 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн барилгын бүтэц, сэргээн босголтод их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болж байна. Ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн хохирол амсч байна.

-Эдгээр бараа материалыг ариутгалд оруулаад худалдаалах боломжтой юу?

-Боломжгүй. Үерийн ус маш их хэмжээний бохирдолтой. Тиймээс бохирдолтой усанд норсон учраас дахин ашиглах ямар ч боломжгүй. Цаашдаа янз бүрийн халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тиймээс эхнээс нь устгалд оруулаад байна. Энэ хавиар байгаа нь үлдчихээд байна.

-Хотын удирдлагуудын зүгээс тус дэлгүүрийг нураах талаар мэдээлж байгаа. Барилгын зөвшөөрлийн талаар юуг хэлэх вэ?

-Энэ барилга 2015 онд баригдсан. Тэрнээс хойш түрээсэлж байгаад 2019 онд иргэнээс худалдаж авсан. Мэдээж бүх бичиг баримт, газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл кадастр зураг хуулийн дагуу байсан. Урьд өмнө нь ийм их хэмжээний үер болж байгаагүй учраас үеийн талаар мэдээлэлгүй байсан. Бүх бичиг баримтыг төр засгаас гаргаад өгчихсөн. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй.

-Иргэд, олон нийтийн зүгээс сэлбэ голын голдирлыг хаасанд бухимдаад байгаа шүү дээ?

-Голын голдирлыг хаасан гэдгийг сайн ойлгохгүй байна. Гэтэл яг зургаараа хийгдсэн. Бид нар энийг баригүй. Далан хаасан гэдгийг бүр мэдэхгүй. Өмнө энд хэдэн айл, төмрийн зах байсан гэж ярьдаг юм билээ. Бид өөрсдөө бариагүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин эсрэгээрээ голын нөгөө талын барилгууд ил түрээд орчихсон нь зураг дээрээ байсныг та бүхэн хараад үзээрэй. Дарга нарын хурлын шийдвэр гарсан гэсэн. Гэхдээ бидэнд шийдвэр нь ирээгүй байна. Гэхдээ яаж ч бодсон газрын зөвшөөрөлтэй, үе үеийн хотын дарга нарын үед сунгагдаад явж байсан газрыг нураана гэхээр сонин санагдаж байна. Төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэж байна. Хуулийн дагуу өөрсдөө олгочхоод гамшиг болохоор бидэн рүү дайрууд хотыг живүүлчихсэн юм шиг хандаж болохгүй. Бидний хувьд үнэхээр сонин санагдаж байна. Бизнесийн нэр хүндэд ч мөн сөргөөр нөлөөлж байна. Бид эрсдэлээ тооцоолоогүй байсан. Бид байтугай улс ч тооцоолоогүй байсан биз. Манайхаас цаашаа далангийн хэсэг задраад байрууд руу орсон. Байгалийн давагдашгүй гамшгийг улс тооцоолоогүй бэлтгэлгүй байсан байж нэг байгууллагыг нэр дурдаад нураана гээд байгаад бид гомдолтой байна.

Э.Ану-Үжин: Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж үнэн байдаг

“Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын төвийн захирал, Олон улсын зөвлөх, эерэг сэтгэл заслын сэтгэл зүйч Э.Ану-Үжинтэй уулзаж сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах тухай ярилцлаа.


– Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний амьдарч буй нийгэм маш  их стресстэй, уур бухимдалтай байгаа нь өдөр тутамд л  мэдрэгдэх боллоо.  Ер нь сэтгэл зүйн эрүүл мэнд, ялангуяа уур бухимдлаа хэрхэн удирдах вэ гэдэг асуултаас яриагаа эхлүүлье?

– Бодлоос мэдрэмж үүсдэг. Таны бодол өөрчлөгдөх үед мэдрэмж өөрчлөгдөж байдаг. Болоод өнгөрч байгаа үйл явдлыг би аль өнцгөөс нь харж, юу гэж бодсоноо эргэн санаснаар хэзээ, хаана, юунаас болж юу мэдэрснээ таньж болдог. Уурласандаа хийсэн зүйлс, хэлсэн үгс үнэн байдаггүйг, уурлаж байгаа хүн өөрөө ухамсарлах нь чухал. Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж нь харин үнэн. Тэрхүү мэдрэмжээ хүн ямар ч хамгаалах механизмаар илэрхийлж болно. Зугтах, үгүйсгэх, оюунлаг, мартах, нүүр тулах, шилжүүлэх гэх мэтээр.

-Бид заримдаа дотоод мэдрэмжээ нууж, таагүй байсан ч зарим зүйлийг тэвчээд, дотроо хадгалаад өнгөрөх нь бий. Ер нь тэвчээрийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Хэцүү санагдсан ч тэвчээд яваад байх нь эргээд сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх үү?

-Хэрвээ би тэвчихийн бол ямар нэгэн сайн үр дүн ирдэг гэсэн ийм ойлголт байгаад байна. Тэвчээр гэдэг ойлголт маань өөрөө тухайн хүнд байгаа чадварын тухай яригдаж байгаа юм. Эндээс тухайн хүн яагаад тэвчээртэй болсон юм бэ гэдэг шалтгаан гарч ирж байна л даа. Магадгүй тэвчээртэй байвал хайрлагддаг, хүндлэгддэг, хүмүүст хүлээн зөвшөөрөгддөг гэдэг ч юм уу бид нарын хувьд сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, халамжлуулах, анхаарал татах гэсэн ийм хэрэгцээгээ ямар нэгэн чадвараа хөгжүүлснээр түүнээсээ авдаг байх нь . Бусад хүмүүс бид нарт ийм мэдрэмж өгдөг учраас хангалттай удаан хугацаагаар хэцүү зүйл болсон ч гэсэн тэвчсээр байдаг. Энэ чадвараа бид нар тэвчээрээ ихэсгэж хөгжүүлсээр байдаг.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2663483/ линкээр орж унших боломжтой.

"УИХ-ын гишүүд малчныхаа НДШ-ийг яагаад биднээр төлүүлэх ёстой юм бэ"

УИХ-ын хаврын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын багц хуульд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр хариуцах хуулийг баталсан. Уг хуульд Ерөнхийлөгч хориг тавих хугацаа дууссан тул хуульч О.Батхүү дээрх асуудлаар ҮЦХ-д хандаж, өнөөдөр /2023.07.28/ мэдээлэл хийлээ.


-УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Энэ хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж төлөх тухай заалт батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Хориг тавих хугацаа нь дууссан учраас өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд /ҮЦХ/-д хандаж байна. Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “хүн бүр хуулийн өмнө тэгш байна” гэдэг заалт бий. Энэ хууль батлагдсанаар тэгш байх зарчим алдагдаж байна. Та бид цалин, хөлсөө авахад НДШ-ээ төлөх ёстой байдаг. Гэтэл бид 100 хувь НДШ-ээ төлөөд, малчид 50 хувь төлж байгаа нь Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчим алдагдаж байна.

Үндсэн хуулийн 14.2-т зааснаар "Монгол Улсын иргэнийг нас хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж болохгүй” гэдэг. Гэтэл энэ хуулиар мөн адил ялгаварлан гадуурхалтыг бий болгож байгаа.  Малчид төрийн хайр халамжид багтаад  бусад нь багтахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалтыг бий болгож байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс дээрх хуулийн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэдэг байдлаар ҮХЦ-д хандаж байна. Энэ асуудыг шийдэж чадахгүй бол Цэц байх ямар хэрэгтэй вэ.

Монгол Улсын иргэн ямар ажил хийдэг, хаана амьдардгаас үл хамааран хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхтэй. 1000 малтай малчны НДШ-ийг та, бид яагаад төлөх ёстой гэж. НДШ бол тухайн хүнийг тэтгэвэрт гаргахад буцааж олгодог мөнгө.

Улаанбаатар хотод амьдардаг иргэд цалингаас цалингийн хооронд зээлтэй, амьдралаа болгох гээд явж байна. Гэтэл энэ хүмүүсээс татвар аваад 1000 малтай малчны НДШ-ийг төлнө гэдэг шударга бус.

Энэ хууль батлагдсанаар татвар төлөгчдөө улам их дарамталж байна. Тогтмол цалинтай хүмүүс бүгд НДШ-ээ төлдөг. Гэтэл даатгал төлдөггүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл малчид гэдэг бүлэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн толгойг илээд байна. Энэ хуулийг баталсан хүмүүсийг харахад ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй.

УИХ-д хувьдаа малтай хүмүүс байгаа. Тэд малчныхаа шимтгэлийг өөрөө төлөх ёстой.

Тиймээс хуулийг батлах явцад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд өөрсдийн саналаар татгалзах ёстой байлаа. Ийм илт ойлгомжтой асуудлыг ҮХЦ хүлээж авахгүй бол өөр ямар маргааныг авч шийдэх вэ?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж