Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тодорхой хугацаа заагаагүй байгаа ч үйлчилгээний байгууллагууд дээрх үүргийг биелүүлэх ёстой гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн юм.
Одоогоор нийслэлд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар, “GS-25” сүлжээний 157 салбар нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилж байна. Автобусны эцсийн зургаан буудлын байгууламж, арван сити тойлетыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтыг хариуцан хамтран ажиллах төсөл ирүүлэх урилга, зарыг олон нийтийн сүлжээнд тавьжээ.
Улаанбаатарт одоогоор бүртгэлтэй 24 ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол үйл ажиллагаатай 19 нь ажиллаж байна. Жорлон үндэсний чуулганы үр дүнд “Монголын Жорлонгийн ууган холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж Монголын цаг уур, хөрсний хэв шинжид тохирсон ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт техник, технологи хамтран боловсруулж байгаа аж.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ онд Ногоон зээлийн хүүгийн татаас нэг тэрбум төгрөгийг Хаан, Хас, Төрийн банктай гэрээ байгуулж олгоно. 2022 онд “Гэр хорооллын нүхэн жорлон, Нэвчилтгүй нүхэн жорлон, бүх төрлийн био жорлон”, “Бага оврын ариун цэврийн байгууламж, Амины орон сууцны зориулалттай ахуйн бохир ус цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж”-д нийт нэг тэрбум төгрөгийн зээлийн татаас олгохоор болсон юм. Тэгвэл дээрх үүрэг чиглэл хэзээ биелэлээ олж, амлалт хэзээнээс хэрэгжиж эхлэх нь иргэдэд хүлээлт үүсгээд буй.
Холбоотой мэдээ