Монголын Үндэсний Бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны энэ жилийн удирдамж мэдээллийг танилцууллаа. “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ.
Тус барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд долоон бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг наймдугаар сарын 20-ны дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлэх ёстой аж.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны наймдугаар сарын 20-ны дотор авах юм. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр хүргүүлэхийг анхааруулжээ.
“Алтан цом”-ын барилдааны хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
1. Дархан аварга 12 оноо
2. Даян аварга 11 оноо
3. Улсын аварга 10 оноо
4. Улсын арслан 9 оноо
5. Улсын гарди 8 оноо
6. Улсын заан 7 оноо
7. Улсын харцага 6 оноо
8. Улсын начин 5 оноо
9. Аймгийн арслан 4 оноо
10. Аймгийн заан 3 оноо
11. Аймгийн харцага 3 оноо
Дээрх оноогоор багуудын жагсаалтыг 1-16 хүртэл гарган 4 хэсэгт хуваан барилдуулж хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч барилдана.
Холбоотой мэдээ