Улаанбаатар хотод долдугаар сарын 6-8, 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, байшин сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд ч олноор хохирсон.
Эхний ээлжинд хохирсон иргэд хохирлын хэмжээгээ УОК, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгуулагдсан нэгжид өгч байгаа.
Үүний дараагаар хохирлын үнэлгээг нарийвчлан хийх юм. Гэхдээ хохирлыг төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдсэн.
Гэвч хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь харьяа нэгжид хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авч, хариу өгөхгүй байгааг хэлж байгаа юм. Харин албаныхан үерийн улмаас хохирсон үнэлгээний эцсийн тайлан гараагүй учир иргэд, аж ахуй нэгжүүдтэй холбогдоогүй болохоо хэлсэн. Ямартай ч иргэд их хэмжээний зээл, өр төлбөртэй үлдэж эд хөрөнгө, өмчөө усанд автуулсандаа гомдолтой байгаа ч зарим хүн үүнийг төрөөс барагдуулах шаардлагагүй гэдэг дээр ч байр сууриа илэрхийлсэн.
БАЙГУУЛЛАГА БҮРИЙН ХОХИРЛЫГ ЗГ, УОК ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛАХ НЬ ХҮНДРЭЛТЭЙ
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн.Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.
Эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн.
Үерийн улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна.
Аж ахуй нэгж, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй.
Цаашид иргэд, аж ахуй нэгжүүд гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86 мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэсэн юм.
Энэхүү мэдээлэл мөн л иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Нэг талаар даатгалд хамрагдах шаардлага зүй ёсных хэдий ч нөгөө талаар даатгалын үнэлгээ, хохирлын хэмжээг нөхөн төлөх чадамжгүй байгаа юм.
Нийслэлд болсон үерийн улмаас хохирсон аж ахуй нэгжүүдийн өндөр хохиролтой байгууллагуудын нэг нь парк. Үндэсний соёл амралтын хүрээлэн 2,24 тэрбум төгрөгөөр хохирсон бол Сэлбэ хотхон, алтай хотхоны В1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан жижиг дунд бизнес эрхлэгчид 25-150 сая, дээд тал нь хүнсний дэлгүүрүүд 1-1,5 тэрбум төгрөгөөр хохирсон болохоо хэлж байгаа юм. Мөн тэдний дунд даатгалд хамрагдсан аж ахуй нэгжүүд ч байсан бөгөөд тэдэнд даатгалын компаниас нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн учир их хэмжээний хохирлыг барагдуулах боломжгүй гэх хариултууд ч өгсөн аж. Тэгэхээр үерийн улмаас үүссэн хохирлын асуудал хоёр талтай бөгөөд нэг хэсэг нь нийслэл эрсдэлт бүсэд газар олгосон учир хохирлыг төрөөс төлөх нь зүйтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь гэнэтийн эрсдэлийг тооцоолоогүй, даатгалд хамрагдаагүй иргэн, аж ахуй нэгж хохирлоо өөрөө хариуцах ёстой гэх. Ямартай ч ирэх долоо хоногт УОК-ын хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарвал асуудал нэг тийш шийдэгдэх бизээ…
Холбоотой мэдээ