ХХ зууны манлай бөх Далай даян, Дархан аварга, цагийг эзэлсэн аварга Б.Бат-Эрдэнийн зодог тайлах ёслол Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан зүлэг ногоон дэвжээнээ ёслол төгөлдөр боллоо. Тэрбээр 13 наснаасаа бөхийн түүхэн замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш төрийн их баяр наадамд 11 удаа түрүү, Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадмын түрүү, Монголын сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 13 удаа түрүүгийн Монгол төрийн чанартай их баяр наадамд 26 удаа түрүүлж, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, сумо бөхийн дэлхийн аварга, бөхийн жудо барилдаанаар Азт тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж монголын нийт ард түмнээ баярлуулж Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга цол хүртсэн билээ. Хан Хэнтийн уулын аймаг байгуулагдсан 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн тавын даваанд Далай даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын үндэсний бөхийн ахлах засуул, Монгол Улсын үндэсний бөхийн цолчин засуул н.Хэнбат дуудаж сонордууллаа.
Зодог тайлах ёслолын үеэр Хэнтий аймгийн удирдлагууд бол Хан Хэнтий аварга дэмжээний бөхчүүдийн төлөөлөл 21 метр бүхий алд цэнхэр хадаг барин хүндэтгэл үзүүллээ. Д.Бат-Эрдэнэ аварга зодог тайлах ёслолын үеэр “Хан Хэнтий нутгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын халуун мэндийг та бүхэндээ хүргэе. Би 13 настайдаа аймгийн төвийнхөө Тэмүүжин 8 жилийн сургуулийн зааланд анх удаа зодог шуудаг өмсөж гарч байлаа. Тэр цагаас хойш 46 жил монгол бөх хэмээн монголчуудын бүтээсэн аугаа их, өв соёл, далайд сэлж үзлээ. Та бүхнийхээ халуун сэтгэлийн дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрсэндээ үргэлж баярлаж, бахдан, сөгдөн мөргөж, сүслэн залбирч явдаг. Ингээд монгол бөхийн уламжлалын дагуу зодгоо Хан Хэнтийн Аварга дэвжээндээ тайлж хадгалуулж байна. Миний энэ зодог, шуудаг төрийн олон наадмын үзүүр, түрүү хүртэхдээ өмсөж байсан болохоор наадамчин олны сэтгэл, адис, авшиг шингэсэн. Хан Хэнтий нутгаас домогт даншигийн хүчтэнүүд шинэ цагийн олон аварга төрөн гарсан. Миний гарын гавь Оюунболд төрийнхөө их баяр наадамд хоёр удаа түрүүлсэн. Хан Хэнтий дэвжээнээс улс орныг түших олон сайхан бөхчүүд, эрэмгий эрс, халамжит хань төрөн гарах болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.
Түүний амжилтаас:
- 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
- 1990 онд Монгол Улсын дархан аварга
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
- 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Үндэсний бөх
- 1985 онд 5 давж улсын начин
- 1986 онд 7 давж улсын заан
- 1987 онд 7 давсан
- 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
- 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
- 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
- Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
- 1991 онд 7 давсан
- 1992 онд 9 давж түрүүлсэн
- 1993 онд 9 давж түрүүлсэн
- 1994 онд 10 давж түрүүлсэн
- 1995 онд 9 давж түрүүлсэн
- 1996 онд 9 давж түрүүлсэн
- 1997 онд 9 давж түрүүлсэн
- 1998 онд 9 давж түрүүлсэн
- 1999 онд 9 давж түрүүлсэн
- 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
- 2001 онд 9 давж үзүүрлэсэн
- 2002 онд 7 давсан
- 2003 онд 7 давсан
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 6 давж шөвгөрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
- Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.
Жүдо
Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ – +95кг), 3 хүрэл (1990 – үнэмлэхүй; 1994 Хирошима, Япон – +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга
Самбо
Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)
Сонирхогчдын сүмо
Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.