УИХ-ын хаврын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын багц хуульд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр хариуцах хуулийг баталсан. Уг хуульд Ерөнхийлөгч хориг тавих хугацаа дууссан тул хуульч О.Батхүү дээрх асуудлаар ҮЦХ-д хандаж, өнөөдөр /2023.07.28/ мэдээлэл хийлээ.
Хуульч О.Батхүү:
-УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Энэ хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж төлөх тухай заалт батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Хориг тавих хугацаа нь дууссан учраас өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд /ҮЦХ/-д хандаж байна. Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “хүн бүр хуулийн өмнө тэгш байна” гэдэг заалт бий. Энэ хууль батлагдсанаар тэгш байх зарчим алдагдаж байна. Та бид цалин, хөлсөө авахад НДШ-ээ төлөх ёстой байдаг. Гэтэл бид 100 хувь НДШ-ээ төлөөд, малчид 50 хувь төлж байгаа нь Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчим алдагдаж байна.
Үндсэн хуулийн 14.2-т зааснаар "Монгол Улсын иргэнийг нас хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж болохгүй” гэдэг. Гэтэл энэ хуулиар мөн адил ялгаварлан гадуурхалтыг бий болгож байгаа. Малчид төрийн хайр халамжид багтаад бусад нь багтахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалтыг бий болгож байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс дээрх хуулийн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэдэг байдлаар ҮХЦ-д хандаж байна. Энэ асуудыг шийдэж чадахгүй бол Цэц байх ямар хэрэгтэй вэ.
Монгол Улсын иргэн ямар ажил хийдэг, хаана амьдардгаас үл хамааран хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхтэй. 1000 малтай малчны НДШ-ийг та, бид яагаад төлөх ёстой гэж. НДШ бол тухайн хүнийг тэтгэвэрт гаргахад буцааж олгодог мөнгө.
Улаанбаатар хотод амьдардаг иргэд цалингаас цалингийн хооронд зээлтэй, амьдралаа болгох гээд явж байна. Гэтэл энэ хүмүүсээс татвар аваад 1000 малтай малчны НДШ-ийг төлнө гэдэг шударга бус.
Энэ хууль батлагдсанаар татвар төлөгчдөө улам их дарамталж байна. Тогтмол цалинтай хүмүүс бүгд НДШ-ээ төлдөг. Гэтэл даатгал төлдөггүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл малчид гэдэг бүлэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн толгойг илээд байна. Энэ хуулийг баталсан хүмүүсийг харахад ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй.
УИХ-д хувьдаа малтай хүмүүс байгаа. Тэд малчныхаа шимтгэлийг өөрөө төлөх ёстой.
Тиймээс хуулийг батлах явцад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд өөрсдийн саналаар татгалзах ёстой байлаа. Ийм илт ойлгомжтой асуудлыг ҮХЦ хүлээж авахгүй бол өөр ямар маргааныг авч шийдэх вэ?
Холбоотой мэдээ