Улаанбаатар хотынхны хүнсний гол хэрэгцээ болсон махны үнийг тодорхойлж байдаг "Хүчит шонхор" зах орж, сурвалжлага бэлтгэлээ. Түм түчигнэж, бум бужигнаж байдаг "Хүчит шонхор" захад махны үнэ буужээ. Үхрийн цул мах 1 кг нь 17,000-20,000, ястай нь 15,000-19,000 төгрөг. Хонины мах гулуузаараа 8500-10,000, цул мах 1 кг нь 13.000-14,000, ястай нь 12.500 төгрөг. Ямааны мах цул 1 кг нь 11,000-10,500 төгрөг. Тэмээний мах цул 1 кг нь 11,000, ястай нь 10,000 төгрөг бол адууны мах цул 1 кг нь 10,000-9000 төгрөгийн үнэтэй байв.
Хэдийгээр махны үнэ буурсан ч иргэдийн худалдан авах чадвар тааруухан байгаа гэж махны худалдаа эрхлэгчид хэллээ. Наадмын өмнө үхрийн цул мах 1 кг нь 25 мянган төгрөгт хүрч чангарсан. Тэр үетэй харьцуулахад махны үнэ буурсан боловч борлуулалт нь нэмэгдэхгүй байгаа гэв.
Ахмад настан, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, төрөөс хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан ч иргэдийн худалдан авах чадварт бодитойгоор нөлөөлсөнгүй гэдгийг худалдаачид ч иргэд ч хэлж байна.
Махны худалдагч Р.Анхбаяр: Мах бүгд адилхан үнэтэй гэсэн үг биш. Махны чанар, зэрэглэлээсээ хамаараад өөр, өөр үнээр нийлүүлэгддэг. Хонины махны хувьд дундын жинтэй болон дундаас дээш жинтэй ястай махнууд өнөөдрийн байдлаар 12.000-12.500 төгрөгөөр борлуулагдаж байна. Цул мах бол 12.500-13.000 төгрөгийн хооронд байх шиг байна. Бас л малын тарган туранхайгаас хамаараад үнэ, гарц нь яригдана. Ясны хоргодол гаргадаг учраас цул мах цаанаас нийлүүлдэг үнэ нь тусдаа. Махны үнэ буурсан. Гулууз махаар тооцоо хийхэд 20 кг дундаж үнэтэй мах тавдугаар сарын дундуур 13.500-14.500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан. Өөрөөр хэлбэл, гулууз мах дээр 3000-3500 төгрөгийн зөрүүтэй буюу ойролцоогоор 70 орчим мянган төгрөгөөр буурсан гэсэн үг. Ерөнхийдөө хавраас хойш 70-100 мянган төгрөгөөр махны үнэ буурсан. Одоогийн нөхцөл байдалд бол хангалттай буурчихсан л байна. Мал тарга тэвээрэг сайн үед зах зээл рүү орж ирэх нийлүүлэлт нь ихсэж махны үнэ доошоо буурдаг. Нийлүүлэлт багасч, эрэлт ихэсвэл махны үнэ өснө. Нэг үеэ бодвол иргэдийн худалдан авах чадвар дээрдсэн. Энэ нь махны үнэ тодорхой хэмжээнд буурсантай холбоотой. Түүнээс иргэдийн цалин мөнгө нэмэгдсэн зүйл байхгүй болохоор мэдрэгдэхүйц эрс сайжирсан худалдан авалт одоогооор байхгүй л байна. Энэ хавар нийт нутгуудаар өвөлжилт нэлээд хүнд болсон болохоор мал нэлээд туранхай байна.
Махны худалдагч М.Наран: Үхрийн цул мах 17 мянга, ястай мах нь 15 мянга монгол хайнаг, сарлаг, гээд ангиллаараа бас өөр өөр үнэ ханштай байна. Өнөөдөр бол ямар ч гүйлгээгүй л байна. Миний хувьд байнга зогсдоггүй. Эгчийнхээ лангуун дээр түр зогссон. Тэгэхэд 4,5 кг махыг зуун хэдэн мянгад зарахаар бас хэцүү л санагдаж байна. Махны үнэ нэлээд өсөж байгаад саяхан буцаад буух шиг боллоо. Гэтэл иргэдийн худалдан авалт муу байна. Мэдээж хэрэг цалин мөнгөнөөс нь шалтгаалдаг байх л даа. Махны үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд иргэдийн маань цалин, тэтгэвэр нь хангалттай сайн хүрэлцдэггүйтэй л холбоотой л доо.
Иргэн Б.Төгөлдөр: Хүчит шонхор захаас мах авахаар нэлээд явлаа. Үнийн хөөрөгдөлтэй л байна. Ганцхан махны үнэ жаахан буурч байгаа болохоос бусад бараа бүтээгдэхүүний үнэ бол буураагүй л байна. Төр засгийн зүгээс үнийн өсөлтийг хязгаарлах иргэд хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх гэсэн бодлогоо амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлмээр байна. Энэ бол өнөөдрийн нэг л жишээ. Тэтгэвэр, тэтгэмж цалин хөлсийг нэмэгдүүллээ ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр ямар ч үр дүн гарахгүй байна. Ер нь хүнс, бараа бүтээгдэхүүний үнийг нэмж, үндэслэлгүй зохиомол хөөрөгдөлийг бий болгож байгаа зах, худалдааны төвд хариуцлага тооцмоор байна. Ийм үнийн хөөрөгдөлд болж өгвөл өртмөөргүй байна. Үнэхээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүй тохиолдолд төр цалин, тэтгэврийнхээ хэмжээг нэмэх хэрэгтэй л гэж бодож байна.
Иргэн О. Хантүшиг: Төр бодлого гаргах хэрэгтэй. Гол арга бол махыг олон дамжлагагүй, хэрэглэгчдэд шууд хүргэх арга хэмжээ авах явдал шүү дээ. Хамгийн өндөр үнээр аманд нь орж байгааг болиулвал таарна.
Иргэн Г.Даваа: Засаг өөрөө нөөцийн махны үнийг энэ жил санаатайгаар өндөр тогтоосон гэж харж байгаа. Өнгөрсөн жилийн хавар 1 кг нь 6.7 мянга байсан махыг бөөндөж 4.5 мянгаар авч зоорилсон хэрнээ энэ хавар 8500-11000 болгож иргэдийг улам шулсан. Мөн ганцхан махны үнэ яриад байх юм. Махнаас өөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ бас нэмэгдсэн. Бараа бүтээгдэхүүн, түүхий эд, бензэн түлшний үнэ ханшийг бас ярих л хэрэгтэй.
Иргэн Х. Үйлст: Намраас хойш нэмэгдээгүй бараа хүнс нэг ширхэг ч байхгүй. Нэг тасраад ахиад ирэхээрээ 100, 200 тѳгрѳг бүр зарим нь 500 мянгаар нэмэгдээд талийж өгсөн. Тэгтэл цалин мѳнгѳ нь тѳдий хичээгээрээ нэмэгдсэн бил үү гэдгийг бас бодож үзэх л хэрэгтэйгэдэг зүйлийг иргэд хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл, махнаас гадна бусад бараа бүтээгдэхүүний үнэ буугаагүй, улам л өсөөр иргэд бухимдалтай хандаж байсан юм.
Л.ЭНХТУУЛ