Тайландын хамгийн том арал болох Пукет нь аялал жуулчлалаараа алдартай. Тэгвэл Путин Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын элитүүд гадагшаа дүрвэж эхэлсэн бөгөөд тэр дундаа Пукет аралд үл хөдлөх худалдаж авах нь өсчээ. Энэ оны эхний зургаан сард Тайландад 790 мянга гаруй орос хүн ирсэн байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 1000 хувь нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Тайландын аялал жуулчлал, спортын яамнаас мэдээлжээ.
Түүнчлэн Тайландад ирсэн оросуудын талаас илүү хувь нь Пукет арлыг зорьсон гэж аялал жуулчлалын холбооноос онцлов. Аралд ирж буй оросуудын олонх нь түр хугацаагаар амрах зорилгоор биш үл хөдлөх худалдаж авах сонирхолтой байгаа анхаарал татжээ. Өнгөрсөн онд 338 хотхон зарагдсаны тал хувийг оросууд худалдаж авсан гэж үл хөдлөх хөрөнгийн агентлаг мэдээлсэн байна. Улмаар аралд үл хөдлөх худалдан авч буй үндэстнүүдийг оросууд тэргүүлжээ.
Ийнхүү Тайландад оросууд олноороо ирэх болсноор орон нутгийн иргэд хүн амын шинэ бүтцэд дасан зохицож эхэлжээ. Тухайлбал, Пукет арлын нисэх буудалд орос хэлээр мэдээлэл хүргэж эхэлсэн бөгөөд орос ресторанууд, орос хоолууд элбэг болсон байна. Мөн энэ сард Пукет аралд Оросын консулын газар нээгджээ.
Хэрэв оросуудын урсгал энэ хэвээр үргэлжилбэл Пукет удахгүй Дорнын "Жижиг Орос" гэдгээрээ алдаршина гэж ажиглагчид дүгнэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ROBB REPORT
Холбоотой мэдээ