Хар костьюм, цагаан цамц, улаан, цэнхэр зангиа, гялалзсан хар гутлаар гангардаг байсан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар энэ сараас хар ногоон өнгийн ажлын хувцаснаас салахаа болив.
Нийслэлд бороо оронгуут Сэлбэ, Туул гол дагуух орон сууцууд усанд автаж, авто замууд урсч, Улаанбаатар хот усан хот болж хувирч буй тул ажлын хувцаст шилжсэн нь энэ бололтой. Усанд автсан барилга байгууламж дээр очиж ажиллахаас эхлээд шаардлага гарахад хүрз барин шороо буулгаж, далан барихад ч хуруу гараа хөдөлгөхөөс аргагүй болж буй Улаанбаатар хотын захирагчаа харсан нийслэлчүүд “Монголд Д.Сумъябазар дарга, Украйнд ерөнхийлөгч Владимир Зеленский нар л ногоон өнгийн хувцаснаас салахаа болилоо шүү” гэж ярьцгааж байна.
Удахгүй наймдугаар сар гарна. Цаг агаарын урьдчилсан төлвөөр төвийн аймгуудын нутгаар илүүтэй халж болзошгүй байгаа. Энэ тохиолдолд гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр тул Улаанбаатар хотын захирагчийг мөн л бэлтгэлтэй байхыг сануулж буй. Тиймээс Нийслэлийн Засаг дарга мөддөө ногоон хувцаснаас салахгүй нь бололтой.
Дээр нь наймдугаар сард зам, барилга, авто замын ажлаа нэлээн сайн хийлгэж авч, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах шаардлагатай чухал сар байдаг. Нэг ёсны амрах завгүй ажиллах шаардлагатай сар гэж хэлж болно.
Хүн амын 50 хувь нь шахам амьдарч буй Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багтаамжийн асуудал мөн л толгой өвтгөсөн асуудлын нэг байгаа тул шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэг, өргөтгөлүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай тулгарч байгаа. Нөгөө талдаа усанд урссан авто замуудаа додомдож, шинэчлэн барьж буй авто замуудаа хичээл эхлэхээс урьтан ашиглалтад оруулахгүй бол Улаанбаатар хотын хэмжээнд өнөө автомашины түгжрэл 0 зогсолт хийхэд хүргэж болзошгүй болсон. Тиймээс Улаанбаатар хотын захирагч дөрвөн хананы дунд суух биш үүргэвчээ үүрээд гадаа гарч ажиллахгүй л бол сөрөг хүчин нь огцруулна гэдэг давшилтаа эхлүүлчихсэн амаргүй л даваа хүлээж байна даа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ