Тэгш ой тохиож буй аймгуудын баяр наадам энэ долоо хоногт үргэлжилж байна. Үүний зэрэгцээ бүсүүдийн хурдан морины уралдаан болж байгаа бөгөөд хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог түрүүлж, айрагдсан хурдан соёолонгийн мэдээллийг хүргэж байна.
ТӨВИЙН БҮСЭД С.БЯМБАСҮРЭНГИЙН ХҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ
Түүхт ойн наадамтай хамтатган хурдан морины “бүсийн уралдаан”-ыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Төвийн бүсийн наадамд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул аймгийн алдарт уяач С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүлсэн байна.
Улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан тус хурдан хүлгийн уяа сойлгийг Монгол Улсын Манлай уяач Б.Батхүү тааруулж, найман настай А.Хангал хүү унаж хурдлуулжээ.
Айргийн тавд:
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд,
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул С.Эрдэнэбаярын халтар,
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Очирсүрэнгийн бор,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн алдарт уяач Ш.Дашдоржийн хээр,
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Г.Цэрэндашийн хул хүлэг оржээ.
ЗҮҮН БҮСИЙГ Х.ГАРЬДМАГНАЙН ХАЛИУН СОЁОЛОН ӨНГӨЛӨВ
Зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүллээ. Айргийн тавд:
- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Б.Даваадоржийн хээр,
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвжаргалын хонгор,
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Х.Гантбаатарын хонгор,
- Дархан-Уул аймгийн орхон сумын харьяат Ж.Батбаярын хул соёолон тус тус өнгөлжээ.
Үргэлжлээд баруун болон хангайн бүсийн уралдаан болж байна. Нас, насанд түрүүлсэн хурдан морьдын мэдээллийг нэгтгэн хүргэнэ.
Холбоотой мэдээ