Япон улсын хүн амын тоо өнгөрсөн 2022 онд 800 мянгаар буурсны зэрэгцээ түүхэндээ анх удаа бүх 47 мужид төрөлт буурсныг мэдээлэв. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хүүхэдгүй гэр бүлүүдийн тоо нэмэгдэж, төрөлт буурч буй энэ хандлагыг хямрал гэж нэрлээд, нөхцөл байдлыг шийдвэрлэхээ амлажээ. Гэвч үндэсний бодлого нь хүн амын бууралтыг хязгаалаж чадаагүй байна.
Тус улсын Дотоод хэргийн яамнаас Лхагва гаригт гаргасан мэдээлдээс харвал Японд төрөлт хамгийн дээд үедээ жилд 1.56 саяд хүрч байсан бол 2022 онд дөнгөж 771 мянга бүртгэгдсэн нь түүхэн доод хэмжээ болов. Япон улсын хүн ам сүүлийн 14 жилийн турш дараалан буурсаар өнгөрсөн онд 122.42 саяд хүрчээ.
Нөгөө талд Япон улсад оршин суух гадаад иргэдийн тоо 10 хувиар өсч, 2.99 саяд хүрснийг Дотоод хэргийн яамнаас онцолсон байна. Хэдийгээр цагаач иргэдийн тоо өсч байгаа ч энэ нь хүн амын тоо буурснаас үүдэж буй ажиллах хүчний хомсдолыг нөхөж чадахгүй байгаа аж.
Фүмио Кишида энэ оны нэгдүгээр сард Засгийн газарт хэлсэн үгэндээ, "Төрөлт буурахыг одоо л хязгаарлахгүй бол оройтно" гэдгийг онцлоод, хүн амын өсөлт буурсаар нийгэм доголдож эхлэхийг анхааруулсан. Гэхдээ Японд төрөлт буурснаас хүн ам эрчимтэй хөгширч байгаа нь хэдийнэ нийгмийн бүх хэлбэрт нөлөөлөөд эхэлжээ.
Японы бүх хотын захиргаадын талаас илүү хувь нь хүн ам багассан дүүрэгт тооцогдож, сургуулиуд хаагдаж, 70 орчим насны эзэдтэй 1.2 сая гаруй жижиг бизнес эрхлэгчид өв залгамжлагчгүй байна.
Түүнчлэн телевизүүдийн хөтөлбөрийн дийлэнх нь өндөр настнуудад зориулагдсан агуулгатай болж, зар сурталчилгааны дээлийнх хувийг амин дэм, оршуулгын үйлчилгээ, живх эзэлж байна гэв. Японы нийгмийн сүүдрийн давхарга гэгддэг якуза нарын дийлэнх нь 50-аас дээш настай болсон бөгөөд 20 настай залуусаас илүү олон тооны 70 гарсан якуза нар байна. Үүгээр ч зогсохгүй насанд хүрэгчдийн киноны жүжигчдийн дийлэнх хувийг 60-80 насныхан эзлэх болжээ.
Японы засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Гэр бүл, хүүхдийн агентлагийг шинээр үүсгэн байгуулж, төрөлт, хүн амын өсөлт буурахтай холбоотой бүх асуудлыг хариуцуулж эхэлсэн байна. Түүнчлэн Засгийн газраас үндэстний ДНБ-ний 4 хувийг хүүхдийн халамж, үйлчилгээнд зориулан төсөвлөхөө амлажээ. Гэвч хүүхэд асаргаа, боловсролын чиглэлээр Японы засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд нь төрөлтийг нэмэгдүүлэхэд маш бага нөлөө үзүүлсэн байна. Нөгөөтэйгүүр хүн ам багатай 300 орчим тосгонд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлого явуулж, халамжийг нэмэгдүүлснээр том хотуудтай харьцуулахад төрөлт өссөн үзүүлэлт гарчээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээллээр, чинээлэг орнуудын төрөлтийн дундаж түвшин 1.66 байна. Гэвч хүн амын тоог хадгалахад шаардагдах индекс 2.1 байхыг шаарддаг. Японы хүн ам бусад орнуудынхаас өмнө буурч эхэлсэн ч төрөлтийн түвшин бусад газар, ялангуяа зүүн Азийн орнуудад илүү хурдацтай буурч байна. Ойролцоох Тайваньд төрөлтийн түвшин 1.24 байгаа нь Японоос арай доогуур үзүүлэлт. Мөн хөрш Өмнөд Солонгост төрөлтийн түвшин ердөө 0.78 байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт юм.
Холбоотой мэдээ