Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр /2023.07.27/эхэлж, зон олноороо өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Түүхт 100 жилийн ойн баярт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон Наро Банчэн гэгээнтэн хэмээн олноо алдаршсан Б.Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Наадмын нээлт их сайхан боллоо. Нийслэлийнхний наадам шиг л наадам болж байна. Завханчууддаа аж амьдралдаа ариун тунгалаг сайхан байж, баян чинээлэг сайхан амьдраарай, эрдэм ном их сураарай, их юм хийж бүтээгээрэй гэж захъя” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Торгон ногоон зүлгэн дээр нь хөл нүцгэн гүйж, тунгалаг цэнгэлэг уснаас нь ууж ундаалж ирсэн төрөлх Завхан аймгийнхаа 100 жилийн ойн халуун мэндийг нутгийн зон олондоо өргөн дэвшүүлье. Аймаг маань хөгжин цэцэглэж байна, улам хөгжиж, хүн ард нь баян чинээлэг амьдарч, нутаг орноо хайрлан хамгаалж, хотол олноороо сайн сайхан амьдрах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Хутагт хувилгаадын өлгий нутаг хэмээгддэг Завхан аймгаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Армийн генерал Б.Дорж, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нар мэндэлсэн юм.