Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ наадмын өмнө гаргасан. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.
Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.
ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байна.
Тэгвэл түүнийг энэ долоо хоногт ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ШӨХТГ-аас тодруулахад "Өнгөрсөн Даваа гаригт Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн.
Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн байгаа. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэлээ.
ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.
Боловсролын байдал:
- 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
- 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
- 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Ажилласан байдал:
- 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
- 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
- 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
- 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Холбоотой мэдээ