Исламын эсрэг үзэлтэй хэсэг бүлэг хүмүүс Копенхаген дахь Турк болон Египет улсын Элчин сайдын яамнө гадна өчигдөр Коран судрыг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. "Данийн эх орончид" гэх нэртэй бүлэглэлээс өнгөрсөн долоо хоногт Ирак улсын Элчин сайдын яамны гадна Коран судрыг шатаасан бол өчигдөр Египет, Турк улсын Элчин сайдын яамны гадна уг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Турк болон Египетийн засгийн газраас уг үйлдэлд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Дани, Швед улсад жагсагчид Коран судрыг шатаасан нь исламын шашинт орнуудын засгийн газраас хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж, олон оронд жагсаал цуглааныг өдөөсөн. Швед, Данийн засгийн газраас исламын ариун номыг шатаасан үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлсэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын тулд уг үйлдлийг хориглох боломжгүй гэдгээ тайлбарлажээ.
Үүний хариуд өнгөрсөн долоо хоногт Иракийн ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, Багдад дахь Швед улсын Элчин сайдын яам руу дайрч, галдан шатаасан. Мөн Бахрейн улсын албаныхан тус улс дахь Швед улсын дипломат төлөөлөгчийг дуудан уулзаж, Коран судрыг шатаах боломж олгосон Стокгольмын эрх баригчдыг буруушаасан албан бичгийг өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ