Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.27/ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:
-Энэ онд нийслэлийн төсөв 1.7 их наяд төгрөгөөр батлагдсан. Энэ мөнгө 24 төрлийн татварын орлогоос бүрддэг. Үүний 70 хувь нь хувь хүний албан татвар юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудал дээр иргэд татвараа бүрэн төлж, нийслэлийн төсвийг бүрдүүлдэг. Жишээлбэл, 2013 онд 22 төрлийн татвараас бүрдсэн 358 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 1.7 их наяд болж төсөв нэмэгдсэн. Өнгөрсөн 2013 онд нийслэл хотод 358 тэрбум төгрөгийн төсвөөр 75.5 км замын өргөтгөл, шинэ зам барьж байгуулсан байдаг. Мөн Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, Зүүнсалаанд 3.6 км, Цайз зах хүртэл 2.8 км зэрэг замыг барьсан. Мөн 2015 онд 29 км үерийн даланг шинээр барьж, 5.5 км даланг сэргээн засварлаж байлаа.
Гэтэл иргэд татвараа бүрэн бүрдүүлж байгаа ч хотын удирдлагууд бүтээн байгуулалтын ажил хийхгүй байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд анх баталсан. Үүнээс хойш 2022 онд энэ хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиараа хотын даргад маш том эрх мэдэл очсон. Өндөр төсөвтэй, эрх мэдлээ хуулиар хамгаалагдсан. Гадаад дотоодын тусламж дэмжлэг нийслэл хотод хангалттай ирж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр маш олон бүтээн байгуулалт хийх төсөл явж буй. Үүний нэг нь хотын дөрвөн байршилд нүхэн гарцыг хийж байна. Нэг жилийн дотор "Хүннү молл" худалдааны төв орчмын нүхэн гарцын ажил амжилттай дууссан уу. Ямар байр байдалтай байгааг нийслэлчүүд харж байгаа. Энэ мэт нийслэл хотод бугшсан олон асуудал бий.
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хурал дээр олон асуудлыг хөндөж гаргадаг. Гэвч олонхиороо асуудлыг үл тоож ирсэн. Нийслэлчүүдийн 70 хувь нь хотын дарга Д.Сумъяабазарыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэсэн судалгаа ч байгаа.
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх:
-МАН 2020 оноос "Хүчээ нэгтгэе" гэсэн уриатайгаар ард түмний итгэл хүлээж, үнэмлэхүй олонхоороо сонгогдсон. Гэвч Монгол Улс, Улаанбаатар хот огт хөгжсөнгүй. Бусад орны нийслэл хот өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байдаг бол Монголын нийслэл өдрөөс өдөрт балран доройтож, чадамжгүй удирдлагуудаас болж өнгө зүс нь гундаж байна. Иргэд үнэхээр бухимдалтай байна. Сүүлийн үед үерт автсан хот гэхээсээ илүү авлигад идэгдсэн байна гэж ярьж байна. Өвөл нь утаанд, зун нь бохиртоо живж байна. Сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй үнэхээр аз жаргалгүй хотод амьдарч байна.
Хотын дарга Д.Сумъяабазар анх "Намайг зургаахан сарын хугацаатай хотын даргаар томилчих" гэж байсан бол тэрнээс хойш гурван жил өнгөрлөө. Маш харамсалтай. Ардчилсан намтай нийлж, нийслэл хотоо өөрчлөхийг уриалж байна.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:
-Энэ удаа нийслэл хотын иргэдэд учирсан хохирол бол байгалийн гамшиг биш. Байгалийн онц аюултай үзэгдэл, гамшиг биш. Орчин үеийн хотуудад тодорхой хэмжээний хур тунадас нэмэгдэж ороход инженерийн шийдлээр иргэдийнхээ өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалж чаддаг байх ёстой. Энэ стандартыг өнөөдөр хэрэгжүүлээгүйгээс их хэмжээний хохирол амссан. Тун хангалтгүй менежмент хийж байна. Бидний авсан судалгаагаар иргэдийн 76 хувь нь Д.Сумъяабазарыг ажлаа хийж чадахгүй байна, солъё гэсэн.
Иргэд хотын даргаа бид өөрсдөө сонгож болдоггүй юм бэ. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг яагаад солихгүй байна вэ гэдгийг хэлж байна.
НИТХ нийт 45 төлөөлөгчтэй. Эдгээр хүмүүс хотын даргыг сонгон томилдог. Өнөөдөр 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ын төлөөлөгч. Тэд өнөөдөр хотын даргыг цээжээрээ хамгаалж байна. Нийслэлийн намын хорооны даргынхаа өөдөөс дугарч чадахгүй, тушаал, тендер авч амаа үзүүлж байна. Ардчилсан намын зүгээс өнөөдөр Д.Сумъяабазарыг огцруулах ёстой гэдэг дөрвөн зүйл шаардлагыг албан ёсоор тавьж байна.
Дээрх хэвлэлийн хурлаас дараах шаардлагыг хүргүүлэв.
Холбоотой мэдээ