Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хаврын чуулган наадмын өмнө завсарласнаар УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо наадах нь наадаж, найрлах нь найрлаж, одон медиал тараах нь тараасаар явна. Ямартай ч Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтсон.

Түүнчлэн Сонгуулийн тухай хууль болоод Улстөрийн намын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүдийн дагуу жагсаалтаар болоод тойрогт нэр дэвших хүсэлтэй хэн бүхний нойр хулжсан сурагтай.

Сонгуулийн жил ойртсоныг хэлэх үү сурталчилгааны шоундаа нэр дэвшихийг горилогчид болоод УИХ-д сонгогдсон гишүүд эртнээс анхаарч тойргоо услаад эхэлжээ.

Тойрогтоо тодорч амжаагүй битүү морьд алсаас гэтэж байгаа бол нэгэнт УИХ-д сонгогдсон гишүүд дараагийн удаа дахин сонгогдох тактик боловсруулж явна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Г.Дамдинням нар БНСУ-аас эрүүл мэндийн үзлэгийн баг тойрогтоо аваачиж, эрүүл мэндийн сайдыг салбартай нь ажилгүй болгоод амжив.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын тухайд дотор, шүд, хүүхдийн эрүүл ахуйн үзлэг хийх эрүүл мэндийн баг дагуулж очихоос гадна нүүр будалт, үс засалтын багтай очиж соёлын довтолгоон өрнүүлж амжив. Гудамж талбайд үсээ засуулж, шүдээ эмчлүүлэх, солонгос эмчээр ганц боловч “чагнуулж” үзэхсэн гэх иргэдийн урт дараалал үүсэв.

Зориулалтын байр, байшингүй ч эрүүл мэнд, соёлын үйлчилгээг гудамж талбайд үзүүлдэг болох шинэ жишиг, шинэ стандарт тогтоож амжив.

Тэгвэл Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулж “Монгол, Солонгосын нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг Орхон суманд үргэлжилж байна.Үдээс хойш Хонгор сум, маргааш/өнөөдөр/ Шарын гол суманд үргэлжилнэ “Эрүүл мэнд- Эрхэм баян” гэж мэдэгдсэн нь мөн л иргэд гадаадын эмч нарыг зорих шалтгаан болов. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар хэдэн өдөр ажилгүй болов.

Цаашлаад УИХ-ын гишүүн бүр тойрог тойрогтоо эрүүл мэндийн үзлэгийн баг дагуулж очдог ийм жишиг тогтож, түүгээрээ иргэдээс оноо авдаг болчихвол эрүүл мэндийн салбараа, сайдтай нь хамт татан буулгачихсан нь дээр биз.

Баян-Өлгий аймгаас сонгогдсон Б.Бейсен гишүүнийг наадмын өмнө болсон нэгэн арга хэмжээн дээр тойрогтоо ажиллах бүртээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх баг тойрогтоо  авч очдог, цаашлаад эрдэнэт хүний алтан амь аврах мэс засал тогтмол хийдэг талаар намын дарга нь индэр дээрээс магтаад амжина лээ. Намын даргынх нь магтаал хоосонгүй байсан нь түүний үйлдлээс тодорхой болов. Тэрбээр, саяхан өөрийн цахим хуудсандаа “Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Б.Бейсен гишүүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, мэргэжлийн эмч хүнийх нь ур чадвар, мэдлэг, мэргэжлийг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү тойргийнхоо нэг иргэний амь насыг аврах биш нийт иргэдийн амь, нас эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бий болгох нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа УИХ-ын гишүүний үндсэн үүрэг. Иргэн Б.Бейсэн байсан цагт хүний амь авардаг биш түүнийг байхгүй байсан ч эрдэнэт хүний алтан амийг авардаг эрүүл мэндийн тогтолцоо, боловсон хүчний баазыг бүрдүүлэхийг тойргийн иргэд нь шаардах ёстой.

УИХ-ын гишүүн амралтаараа тойрогтоо очихдоо амрах ч завгүй хагалгаа хийж байгаа нь өнгөц харахад баатарлаг үйл мэт боловч үнэн хэрэгтээ тухайн тойргийн эрүүл мэндийн салбар чадварлаг хүний нөөц, эмч мэргэжилтнүүд, мэс заслын эмчийн дутагдалд орсны тод илрэл.

Энэ мэтчилэн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзахдаа буяны байгууллага, бурханы дүрээр эмч нарын баг дугуулж очдог УИХ-ын гишүүд иргэдээ энэ мэтчилэн доромжилохоо болих хэрэгтэй. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүд нь гадаадаас эмч нарын баг дагуулж очлоо гээд тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаардаг хүн болчихно гэвэл том эндүүрэл. Өнөөдөр үзээд маргааш нь явчихдаг хоноцын сэтгэл, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй.

Гадаадаас эмч ирэх сургаар халуун наранд хөлөө өвдтөл, тэвчээрээ тасартал дугаарлаж байгаагаас харахад хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай бөгөөд хүртээмжтэй үйлчилгээ хомс байгаагийн тод илрэл.

Тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд санаа тавьдаг хүн болж жүжиглэж, өдрийн үйлчилгээгээр аргацаадаг биш өдөр тутамдаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах хууль эрх зүйн орчин, боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж