“Шувуу” ажиллагаагаар дамжуулж, Филиппин улсаас авч ирсэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынханд өгсөн мэдүүлэг МАН-д түймэр тавьж мэдэхээр байна.
Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг авлигын хэрэгт буруутган, яллагчдаар татах тогтоол гарч, хэрэг нь прокурор руу шилжин, хянагдаж эхэллээ. АТГ-ын зүгээс эл хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа юм. Тодруулж хэлбэл, прокурорын шатанд л хэрэг удааширчихгүй бол ирэх намрын чуулганаар тэсрэх “бөмбөг” болж мэдэх нь.
Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр /2023.07.26/хийсэн мэдээллээр бол нүүрсний гэх тодотголтой улстөрчидтэй холбоотой хэргүүдээс нэг нь ч шүүхэд шилжиж ирээгүй байгаа юм. Маш олон хэрэг дээр ажиллах шаардлага тулгарч байгаа нь хэргийг хянахад цаг хугацаа нэлээн шаардах болдог уу, эсвэл өөр шалтгаан нөлөөлдөг үү, тодорхойгүй. Улстөрчид нэр холбогдсон хэрэг бүр удааширдаг.
Хэвлэлүүдэд бичиж буйгаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг 50 мянган ам.долларыг сайд асан Т.Бадамжунайд өгч, авлигадсан үндэслэлээр буруутган, шалгаж эхэлжээ. Ингэхдээ Бага тэнгэрийн аманд Т.Бадамжунайн охин хаустай, түүнийгээ худалдан авсан эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй нь бас асуудал болж буй гэх.
Бага тэнгэрийн аманд тансаг хаусуудыг хамаарал бүхий компаниараа бариулж, эзэн суусан улстөрч бол Ц.Анандбазар гишүүн. Их тэнгэрээс төрийн гурван өндөрлөг бүрэн эрхээ дуусахаар явдаг бол Бага тэнгэрийн “эзэн” Ц.Анандбазар байнгын оршин суугч. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь сайд асан Т.Бадамжунайгаар дамжуулж, Бага тэнгэрт газар эзэмших эрхийг олж авсан юм биш байгаа гэх хардлага руу хөтөлж буй. Одоогоор хуулийнхны зүгээс түүнийг ямар хэрэгт буруутган, шалгаж буйгаа тодорхой мэдээлээгүй ч хэвлэлүүдийн олж илрүүлсэн “баримт” нь Т.Бадамжунайд 50 мянган ам.долларын хахууль өгсөн, мөн охиных амьдардаг хаус гэх асуудал юм.
Хэрвээ энэ дуулиан батлагдвал Ц.Анандбазараас авлига авсан улстөрч МАН-д Т.Бадамжунайгаар зогсох нь юу л бол… Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд МАН-ын нэр бүхий улстөрчид Бага тэнгэр дэх хаусаасаа бэлэглэсэн гэх яриа байдаг.
Иймээс хуулийнхан Бага тэнгэр дэх газрын эзэмшлийг хэрхэн ямар замаар олж авснаас эхлээд хаусыг өөр хэн нэгэнд бэлэглэсэн үү гэдэг асуудлыг сөхөж чадсан бол нэлээн том авлигын хэрэг задарч мэдэхээр буй.
Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагаагаар дамжуулж хилийн чанадаас сайд асан Т.Бадамжунайг авч ирснийхээ дараа “Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.
Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Өөр нэг юм бас байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авч ирсэнд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гээд товчхон тайлбарлачихъя” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой шинэ хэрэг мандсан нь нэлээд зүйлийг сайд асан Т.Бадамжунай өөртөө ашигтайгаар зохицуулчихаад хилийн хорио тавиулан, гэртээ очив уу гэж үзэх үндэслэл бас гарч буй.
Нөгөө талаас асуудалд холбогдонгуут тэр даруйд нь тайлбар хийж, гүжир гүтгэлэгт хариу өгье гэдэг Ц.Анандбазар гишүүн энэ удаад таг дуугүй байгаа нь анхаарал татаж буй. Тухайлбал, тэрбээр нүүрсний хэрэгт нэр холбогдонгуутаа “Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нар өөртөө гомдох цаг ирнэ. Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй” гэж тайлбар хийсэн юм.
Иймээс эл хэрэг энэ намраас МАН-ын гишүүдээс хэн, хэнийг хуулийн байгууллага руу “чирч”, ирэх сонгуульд нэр дэвших эрхээ хязгаарлуулахаас эхлээд асуудал үүсгэх вэ гэдэг нь анхараал татаж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ