"Хийлдэг гулсуураас унасан хүү Турк руу эмчилгээнд явсан"

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

"Хийлдэг гулсуураас унасан хүү Турк руу эмчилгээнд явсан"

"Хийлдэг гулсуураас унасан хүү Турк руу эмчилгээнд явсан"

Баян-Өлгий аймагт өнгөрсөн тавдугаар сард хүчтэй шороон шуурга шуурч, хийлдэг гулсуур дээрх хүүхдүүд шидэгдсэн осол гарсан. Улмаар 12 хүүхэд унаж, бэртсэнээс нэг хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа юм. Тодруулбал, биеийн байдал нэн хүнд хоёр сар эмчилгээнд байж, 23 хоногийн дараа ухаан орсон хүүг Монголд эмчлэх боломжгүй гэх хариу гарчээ. Тиймээс Турк улсад эмчилгээнд орох шаардлагатай болж, хүүгийн гэр бүлийн найзууд нь хандивын аян эхлүүлсэн байна. Энэ талаар тодрууллаа.

Хүүгийн гэр бүлийн найзуудын зүгээс "Хүүгийн аав эмч мэргэжилтэй. Аав, ээжийнх нь найзууд нэгдэж байгаад хандив цуглуулах санаачилга гаргасан. Эхний ээлжид шаардлагатай эмчилгээний зардлыг цуглуулахын тулд цахим хуудсаараа давлагаалж байгаа.

Олон хүмүүс хандаж тусламж үзүүлж байна. Эмнэлгийн байгууллагад ажилладаг, мөн аймгийн хүмүүс нь хандивын аянд идэвхтэй нэгдэж байна. Эрүүл мэндээрээ хохирсон Хазбек овогтой Нур-Али хүү Улаанбаатар хотод очиж ГССҮТ, ЭХЭМҮТ-д нийт хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн.

Эмчилгээний явцад 23 хоногийн дараа ухаан орсон. Гэвч онош гарч, Монголд эмчлэгдэх боломжгүй учраас цаашид Турк улсад яаралтай эмчилгээнд явах болсон. Эхний удаад эмчилгээнд 30 мянган ам.доллар шаардлагатай гэсэн.

Одоогоор хүүгийн гэр бүлийнхэнтэй холбогдох боломжгүй. Учир нь тэд Туркэд хүүгийнхээ эмчилгээг эхлүүлсэн.

Гэр бүлийн найзууд, ажлын хамт олон нь нэгдэж хандивын аянг эхлүүлээд байна. Иймд сайхан сэтгэлт олон хүн тусламжийн гараа сунгахыг хүсч байна" гэсэн юм.
Хандивыг Х.Нур-Али хүүгийн аав Б.Хазбекын 5195140722 Хаан банкны дансаар авч байгаа аж. Цаашид эмчилгээний зардал нэмэгдэх бөгөөд их, бага гэлтгүй тусламжийн аянд нэгдэхийг хүмүүс уриалжээ.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭВ
Дээрх ослын дараагаар цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Эхний удаагийн шалгалтаар хийлдэг тоглоомыг ямар ч зөвшөөрөлгүй ажиллуулж байсан бөгөөд холбогдох хүмүүсийг мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа аж. Гулсуураас шидэгдсэн хүүхдүүдээс ес нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа мөн цагдаагийн байгууллагад өргөдлөөр өгчээ. Осол гарсан тухайн үед тус аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрх хариуцсан улсын байцаагч Б.Ерген "Хийлдэг тоглоом салхинд хийсч, хөмөрснөөс олон хүүхэд шидэгдэж хүнд гэмтэл авсан. Олон нийтийн газар хүүхдийн тоглоом байршуулахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг авч, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг харгалзах ёстой.
Тус тоглоомыг ажиллуулж байсан хүн хийлдэг тоглоом талбай дээр гаргаад долоо хонож байхад осол гарч 15 хүүхэд гэмтсэн.
ГБХЗХГ-аас орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай дээрх тоглоомуудыг шаардлага хангасан эсэхийг шалгаж, хяналт тавьдаг. Осол гарсан тоглоом мэргэжлийн байгууллагын хяналтгүй, Өлгий сумаас зөвшөөрөл аваагүй байсан. Иргэд болон мэргэжлийн байгууллагын зүгээс хүүхэд эрсдэлд орж магадгүй тус тоглоомд хяналт тавих хүсэлт тавиагүй учраас бидний зүгээс шалгаагүй" гэсэн юм.
Ямартай ч тус хэрэг дээр цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж