Баян-Өлгий аймагт өнгөрсөн тавдугаар сард хүчтэй шороон шуурга шуурч, хийлдэг гулсуур дээрх хүүхдүүд шидэгдсэн осол гарсан. Улмаар 12 хүүхэд унаж, бэртсэнээс нэг хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа юм. Тодруулбал, биеийн байдал нэн хүнд хоёр сар эмчилгээнд байж, 23 хоногийн дараа ухаан орсон хүүг Монголд эмчлэх боломжгүй гэх хариу гарчээ. Тиймээс Турк улсад эмчилгээнд орох шаардлагатай болж, хүүгийн гэр бүлийн найзууд нь хандивын аян эхлүүлсэн байна. Энэ талаар тодрууллаа.
Хүүгийн гэр бүлийн найзуудын зүгээс "Хүүгийн аав эмч мэргэжилтэй. Аав, ээжийнх нь найзууд нэгдэж байгаад хандив цуглуулах санаачилга гаргасан. Эхний ээлжид шаардлагатай эмчилгээний зардлыг цуглуулахын тулд цахим хуудсаараа давлагаалж байгаа.
Олон хүмүүс хандаж тусламж үзүүлж байна. Эмнэлгийн байгууллагад ажилладаг, мөн аймгийн хүмүүс нь хандивын аянд идэвхтэй нэгдэж байна. Эрүүл мэндээрээ хохирсон Хазбек овогтой Нур-Али хүү Улаанбаатар хотод очиж ГССҮТ, ЭХЭМҮТ-д нийт хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн.
Эмчилгээний явцад 23 хоногийн дараа ухаан орсон. Гэвч онош гарч, Монголд эмчлэгдэх боломжгүй учраас цаашид Турк улсад яаралтай эмчилгээнд явах болсон. Эхний удаад эмчилгээнд 30 мянган ам.доллар шаардлагатай гэсэн.
Одоогоор хүүгийн гэр бүлийнхэнтэй холбогдох боломжгүй. Учир нь тэд Туркэд хүүгийнхээ эмчилгээг эхлүүлсэн.
Тус тоглоомыг ажиллуулж байсан хүн хийлдэг тоглоом талбай дээр гаргаад долоо хонож байхад осол гарч 15 хүүхэд гэмтсэн.
Ямартай ч тус хэрэг дээр цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгджээ.
Холбоотой мэдээ