Дуусаагүй дайны 70 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Дуусаагүй дайны 70 жилийн ой

Дуусаагүй дайны 70 жилийн ой

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайн  тулгарагч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулснаар зогссон ч энхийн гэрээ байгуулаагүй учир дуусаагүй гэж үздэг. Тэгвэл гал зогсоох гэрээ байгуулсны 70 жилийн ой өнөөдөр тохиож, Сөүл, Пёньяны талууд өөр өөрсдийнхөө энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Солонгосын дайнд тулалдаж явсан ахмад дайчдыг онцоллоо. 


Хойд Солонгост өнөөдөр цэргийн сүрт жагсаал болж, холбоотон Хятад, Оросын төлөөлөгчид оролцуулж байгаа бол Сөүлд 22 орны 200 төлөөлөгч цуглажээ. Тэдний Солонгосын дайнд тулалдаж явсан гадаадын 64 ахмад цэрэг ирсэн байна. Тэдгээрээс АНУ, Канад, Их Британийн армийн гурван цэргийг энд онцолж байна.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨ ДАХИН ТУЛАЛДАХАД Ч БЭЛЭН

АНУ-ын иргэн, 91 настай Уиллиам Ворд 1950 онд Солонгост дайн дэгдэхэд Сөүлийн талын хүсэлтийн дагуу хойгт тулалдахаар ирсэн олон арван мянган гадаад цэргийн нэг. Арканзас муж улсын Бунвилл дэх фермд өссөн тэрбээр дунд сургуулиа төгсөөд армид элсчээ.  Цэргийн үндсэн сургалтыг дүүргэсний дараа түүнд Европ эсвэл Алс Дорнодод очиж үүрэг гүйцэтгэх сонголт байв. Тухайн үед Солонгос гэж улс хаана байдгийг ч мэдэхгүй байсан Уиллиам санаачилгаараа Сөүл рүү явчээ.

Үүнээс хойш 70 жилийн дараа ч тэрбээр хийсэн сонголтдоо харамсдаггүй тухайгаа хуучлав. "Хэрэв би дахин тулалдах шаардлагатай бол эргэлзэлгүй дахин бүгдийг хийх болно. Би энд дахин ирэх болно. Би үнэхээр тэгэх байсан. Энд үнэхээр өөр, хүмүүс нь гайхалтай"  гэж тэрбээр Өмнөд Солонгосын телевизэд ярьжээ.

Америк ахмад дайчны Өмнөд Солонгос дахь хамгийн тод дурсамж бол тосгонд уулзаж байсан хүмүүс юм. Тэдний дотроос Чан гэж нэрлэгдсэн нэгнийг маш их хайж байна. 12 настай Чан хүү гэр бүлээ тэжээхийн тулд  хуаранд ирж, зүгээр гуйлга гуйхын оронд цэргүүдийн хувцсыг угааж, гутлыг гялалзтал арчиж, өнгөлдөг байсан тухай Уиллиам дурсав. "Тэр бууж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл түүнийг бодож, зүүдэлдэг. Одоо тэр 80 гарсан өндөр настай байх ёстой" гэж тэрбээр Чаныг дурсчээ. 

Дайнд оролцсон ахмад дайчид Сөүлд олон хөтөлбөр, арга хэмжээнд оролцох бөгөөд хоёр Солонгосыг тусгаарласан Панмунжом тосгоноор аялна.

ҮЛДСЭН ГАЗАР НУТАГТАА АМЬДРАЛАА БОСГОЖ, ҮЗЭСГЭЛЭНТЭЙ УЛС БОЛГОСОНД  ТАЛАРХАЖ БАЙНА

Канадын ахмад дайчин, 91 настай Эдвард Бакнер мөн л эртний танилаа хайж, Сөүлд ирсэн байна. Тэрбээр Чо Чок Сон гэх эрэгтэйг хайж байгаа ч насыг нь мэдэхгүй гэсэн бөгөөд өөрөөс нь дүү гэж таамаглажээ. Солонгосын дайнд оролцох үедээ Эдвард дөнгөж 19 настай байв.

"Биднийг Пусан руу анх нүүж ирэхэд тэр хуаранг хариуцдаг байсан. Бид хойд зүгт  тулалдаанд оролцохоор бэлтгэж байсан" гэж хэлээд Чо Чок Соны зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Эдвардын хэлснээр тэрбээр ажилсаг нэгэн байсан гэнэ. Сэтгүүлч түүнээс дайны тухай асуухад Эдвард сэтгэл догдлуулан ийн ярив. "Би үргэлж бригадын штабт байсан болохоор маш азтай. Би бүх үйл явдлыг мэдэж, бүх хүнтэй харилцдаг байсан. Та бүхэн өөрт үлдсэн газар нутагтаа амьдралаа босгож, үзэсгэлэнтэй улс болгосонд би маш их талархаж байна" Эдвард ярьжээ. 

ТА БҮХНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛД БАЯР БҮРГЭМЭЭР БАЙНА

Их Британиас ирсэн Колин Такери "Дайны нурамнаас өнөөдрийн Өмнөд Солонгосыг бүтээн босгосныг хараад биширч байна" гэж анхны сэтгэгдэлээ хуваалцав. "Сөүлд анх ирж, онгоцны буудлаас гараад автобусанд суухдаа би маш их гайхсан. Учир сүүлд биднийг харахад Сөүл тал газар байсан.  Одоо хэдэн зуун орон сууцны хороолол бий болсон байна. Би та бүхний хөгжил дэвшилд баяр бүргэмээр байна" гэж  Колин сэтгүүлчдэд хэлжээ. 

Өдгөө 93 настай тэрбээр 2019 онд "Авъяаслаг британичууд" шоунд оролцсоноор алдартай болсон нэгэн юм. Тэрбээр Пусан хотноо гал зогсоох гэрээг байгуулсны 70 жилийн ойд уригдан ирээд оройн зоогийн үеэр Солонгосын алдарт "Ариранг" дууг дуулсан байна. Тэрбээр дайнд тулалдаж явахдаа хамтран зүтгэгч солонгос цэргүүдийг дагаж дуулсаар энэ дууг сурчээ. Тухайн үед дууны утга, үгийг ч мэдэхгүй, зүгээр л байнга амандаа аялж явдаг байсан гэнэ. "Энэ дуу надад маш олон дурсамжийг сэргээдэг. Үнэхээр сайхан аялгуу. Бид анх ирээд энэ дууг бүүвэйн дуу гэж боддог байсан. Дараа нь хүмүүс энэ дууг төрийн дуулал ч  ярьдаг байсан" хэмээн Колин дурсчээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж