
Ла лигийн шинэ улирлыг нээж, эхний өдөр “Валенсия”, “Атлетико Билбао”, “Севилья” нар анхны ялалтаа авсан юм. “Валенсия” 3:1-ээр “Малага”-г буулган авсан бол “Атлетико Билбао” топ дивизонд шинээр хөл тавьсан “Эркулес”-ийг 1:0 харьцаатай буулган авч, хожлын гурван оноогоо авчээ. Мөн “Севилья” 4:1-ээр “Леванте”-г хожсон байна.
Харин өчигдөр Ла лигийг тодорхойлогч “Барселона” болон “Реал Мадрид” клубууд эхний тоглолтоо хийсэн. Өнгөрсөн улирлын аварга “Барса”-гийн тухайд “Расинг Сантандер”-ийг талбайд нь 3:0-ээр бут ниргэсэн бол Жозе Моуриньогийн “Реал Мадрид” “Реал Мальорка”-тай гоолгүй тэнцсэн байна. Пеп Гуордиалагаар удирдуулсан “Барса”-гийн довтлогч Лионель Месси, Андрес Иньеста, Давид Вилья нар гоолджээ.
Өчигдөр болсон эхний тойргийн бусад тоглолтын дүнг танилцуулбал, “Реал Сосьедад” 1:0-ээр “Вильяреал”-ыг, “Эспаньол” 3:1-ээр “Хетафе”-г тус тус хожсон бол “Осасуна”, “Альмерия”-тай, мөн “Депортиво ла Коруна”, “Реал Зарагоза”-тай тус тус гоолгүй тэнцэж, оноо хуваажээ.
Харин энэ үеэр Италийн ногоон зүлгэнд Сери А лигийн эхний тойргийн тоглолтууд мөн үргэлжилж, “АС Милан” шинэ дасгалжуулагч Массимилиано Аллегригийн удирдлага дор анхны хожлоо авсан юм. Тэд “Лечче”-г 4:0-ээр бут ниргэжээ.
Сери А лигийн өчигдөр болсон бусад тоглолтын дүн:
“Кьево” – “Катания” 2:1
“Фиорентина” – “Наполи” 1:1
“Палермо” – “Кальяри” 0:0
“Парма” – “Брешия” 2:0
“Сампдория” – “Лацио” 2:0
“Бари” – “Ювентус” 1:0
С.Цэлмэг