Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр газрынхаа асуудлаар өчигдөр аймгийн ИТХ-ын хуралд оролцох үеэрээ "Тухайн үед хүн дайрсан ямар ч асуудал байгаагүй. Манай адуу нутагт нь орсонтой холбоотойгоор урд өдөр нь замыг нь хааж, шөнө адуу мал тасдаж, манай ажилчдыг зодож гэмтээсэн" гэдэг хариултыг сэтгүүлчдэд өгсөн юм. Хэргийн талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригтой ярилцлаа.
-Л.Чинбат нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дууссан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор хотод ирэв үү?
-Тэгсэн. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ. Миний хувьд өмгөөлөгтэйгөө уулзахаар хотод ирээд байна. Өмгөөлөгч маань өчигдөр Сэлэнгэ аймагт очиж, хэргийн хавтаст хэрэг, прокурорын дүгнэлттэй танилцсан. Одоо эргүүлээд гомдлуудаа гаргана. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат олон тооны адууг гарал үүслийн бичиггүй орон нутаг руу нэвтрүүлэх гэж байсныг буцаасан.
Энэ асуудлаас үүдэн цагдаагийн байгууллага хэрэг нээн шалгаж, намайг хоёр хэрэгт яллагдагчаар татаж, гүтгэсэн. Би өмгөөлөгчтэйгөө гомдол гаргаад явж байна.
Л.Чинбат аймгийн ИТХ-ын хуралд оролцохдоо ор үндэслэлгүй зүйлийг сэтгүүлчдэд ярьж байна. Анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн нутгаар дамжин Цагааннуур сум руу гарал үүслийн бичиггүй олон тооны адуу нэвтрүүлэх гэж байсныг болиулсан. Бид маргааш нь адууг тоолж, машинд мөргүүлсэн гэх хоёр залуу маань ээрч зогссон. Тэгэхэд бид янз бүрийн малын хулгайд хардагдана, адууг тоолъё гээд тоолсон. Дэргэд нь "Гацуурт" компанийн адуучин зогсч байсан. Тухайн үед Л.Чинбат тэнд өөрөө байгаагүй. Олон тооны адууг нь улсын харцага Ө.Даваабаатар "Тoyota Harrier" маркийн машинтай тууж байсан. Бас хоёр гурван адуучин залуустай, унагыг нь цагаан ачааны машин дээр ачсан байсан. Орон нутгийнхан шалгахад гарал үүслийн бичиггүй байсан учраас нэвтрүүлэхгүй гэсэн. Гэтэл нэг их удалгүй Л.Чинбат жийп машинтай гарч ирээд, шууд хөөгөөд эхэлсэн. Тэгэхэд нь би шууд гар утсаараа бичлэг хийсэн юм. Мөн биднийг Л.Чинбат улс даяар хулгайч гэж зарласан. Үүнд бас гомдлоо гаргасан.
-Таны хувьд тус компанийн ажилтны биед халдаж, хурууг нь хугалсан юм уу?
-Энэ бол 100 хувь гүтгэлэг. Би "Гацуурт" компанийн ажилтны хуруу гаранд хүрээгүй. Миний хажууд Цагааннуур сумын цагдаа, иргэд зогсч байсан. Олон гэрч байгаа. Малчдыг дарамталж, нэг эмэгтэй ажилтан гар утсаараа бичлэг хийж байхад нь би утсыг нь цагдаад өгсөн. Өмгөөлөгчтэйгөө гомдлоо гаргаад явж байна. Олон нийтэд бичлэг цацсаны дараа над руу маш олон дайралт ирж, дарамталсан. Таньдаг хүмүүсээр дамжуулан "Боль" гэдэг утгатай үг хэлүүлж байна.
-Хэргийг шалгах явцад гэрчүүд мэдүүлгээсээ буцаж, машинд мөргүүлсэн гэх хоёр иргэн яллагдагчаар татагдсан гэсэн үү?
-Одоо Л.Чинбат бид хоёроос гадна машинд мөргүүлсэн гэх хоёр залуу, сумын орлогч Засаг дарга нарыг яллагдагчаар татаад байна. Машинд мөргүүлсэн хоёр залуу анх мөргүүлсэн гэж үнэнээ хэлж байсан. Гэвч хэд хоногийн дараа "Бид машинд мөргүүлээгүй, бидний буруу" гэж мэдүүлгээ өөрчилснөөр яллагдагчаар татагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр анх болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэрч.
Тэр үедээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цагдаагийн байгууллагад хоёр иргэнийг машинаар мөргөсөн гэж хэлж ярьсан байдаг. Дараа нь мэдүүлгээ өөрчилсөн учраас яллагдагчаар татсан.
-Машинд мөргүүлсэн залуус мэдүүлгээсээ буцсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
-Мэдүүлэгтээ "Гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг одоо л Л.Чинбатыг дарж авъя. Машинд мөргүүлсэн гэж хэлчих" гэж хэлсэн байна лээ. Би шууд гар утас руу нь "Та нар яагаад намайг гүтгэж байгаа юм бэ" гэхэд "Тийм юм байхгүй. Цагдаа нар дунд нь ингээд байна. Угаасаа биднийг машинаар мөргөсөн нь үнэн" гэдэг хариултыг өгсөн. Тэр гар утасны мессеж нь хүртэл надад баримттай байгаа.
-Хэрэг шалгах явцад Л.Чинбаттай биечилж уулзаж, таарсан уу. ОХУ-ын хил рүү гарсан гэх мэдээлэл цацагдсан?
-Л.Чинбатыг ОХУ-ын хил рүү гарсан гэдэг мэдээлэл цацагдах үед Цагааннуур сумын нутгаар явж байсан. Тэрийг харсан нутгийн хүмүүс ч байгаа. Би байнга л цагдаагийн байгууллага руу явж байна. Манай сум 2000 гаруй иргэнтэй. Би сумын Засаг даргаар нь ажилладаг. Тэгэхэд ажлаа хийж чадахгүй цагдаагийн байгууллагад шалгуулахаар ийш тийшээ байнга явж, орон нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Л.Чинбат өөрөө цагдаагийн байгууллагад очдог талаар сайн мэдэхгүй юм.
-Өмнө нь "Гацуурт" компанитай маргаан үүсгэж байсан уу?
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт "Гацуурт" компани 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, малчдын хооронд нэг их зөрчилдөх асуудал байхгүй. Тус компани ухсан нүхээ булж, хашаагаа ном журмын дагуу сайн бэхлэчихвэл ямар нэгэн асуудал гарахгүй. Тэгэхэд ялзарсан шонгийн модтой, уяа нь тасарсан хашаатай, ухсан нүх рүү мал амьтан орж, үрэгдэж байна. Нотлох баримт, гэрч ихтэй энэ хэргийг хуулийн байгууллага үнэн зөв шалгаж, шийдвэрээ гаргана гэж найдаж байна.
Холбоотой мэдээ